Иргэний улсын бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-26 12:51:56

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

1999 онд батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний бүртгэлийн тухай хуулиар Монгол Улсын иргэний бүртгэл болон түүнийг эрхлэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулж байна. Хууль батлагдсанаас хойш 10 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр давхардсан тоогоор 100 гаруй зүйл, заалтад өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо муу, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зохицуулалт нь хуучирсан, зарим шаардлагатай зохицуулалт тусгагдаагүй байна.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлэх, бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, бодитой болгох, улсын бүртгэгчийн ажлын ачааллыг багасгах ач холбогдолтой гэж тооцоолжээ.

Тогтоолын хавсралтад нэмэлт орууллаа

Монгол Улсын баруун, зүүн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдааг хөнгөвчлөх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ургамлын үр, үслэг, суулгац, амьтан, түүний үр хөврөл, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-д нэмэлт орууллаа. Түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомтуудад Говь-Алтай аймгийн Бургастай, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтыг тус тус нэмэхээр шийдвэрлэлээ.

ТОВЧ МЭДЭЭ:

- С.Эрдэнийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томиллоо.

- Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтийн талаар хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.

- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэний харъяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

- Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах , хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалуудыг тус тус баталлаа.

- УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын санаачлан боловсруулсан “Газар хөдлөлтийн гамшгаас Урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.

- УИХ-ын гишүүн А.Бакейн санаачлан боловсруулсан УИХ-ын чуулганы Хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

- Монгол Улс болон Унгар Улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцэн дэмжиж, уг протоколд гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.

- “Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт орууллаа.

- “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нийтийн тээврийн авто буудлыг шинэчлэн байгуулах төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгав.

 

Related news