Монголын анхны агч модон шалтай заал МУИС-д нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-20 09:50:07

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн спортын танхим NBA-гийн жишигт нийцсэн стандартын  Монголын анхны агч модон шалтай сагсанбөмбөгийн заалны нээлт өчигдөр буюу мягмар гарагт болов.

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBА/, Оюутны спортын холбоо /NCAA/, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны дэвжээ болох стандартын /Connor sport/ модон шалыг тус сургуулийн спортын танхимд шинээр суурилуулсан байна. Нийтдээ 800 метр квадрат бүхий агч модон шалыг АНУ-ын Коннор спорт корт нийлүүлсэн бөгөөд тус компанийн мэргэжилтний удирдлага дор Юнимат компанийн мэргэжлийн баг угсарчээ. Агч мод нь Хойд Америкт ургадаг бөгөөд мэргэжлийн спортын ялангуяа сагсан бөмбөгийн спортод хамгийн тохиромжтой шал юм. Коннор спорт кортын шал нь агч модоор хийсэн неошок буюу полуритан зөөлөвчтэй байдаг.

МУИС-ийн оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат “Бид өнөөдөр баяртай байна. Дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн том лиг болох NBA-гийн стандартад нийцсэн шалыг Америкийн компанийн лицензийн дагуу МУИС Монгол улсаас анх удаа авч хийлээ. Тус агч модон шалыг суурилуулахад маш нарийн ажиллагаатай гэдгийг харлаа. Заалны чийгшилт хүртэл хамаатай. Монголд анх удаа хийж байгаа учраас хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан ажил байв. Уг шалыг үйлдвэрлэдэг компаниас хоёр удаа шалгалт хийж, зөвшөөрөл өгснөөр Юнимат компани суурилуулсан. Өнгөрсөн хавраас шалны бэлтгэл ажлыг хийсэн. Энд тоглогчид зөвхөн МУИС-ийнх биш байх болно. Энэ бол Монгол Улсад анх удаа тавигдсан шал болохоор тамирчдын маань амжилт ахина гэж итгэж байна. Самбар, цагираг, гэрэл гээд бүгд шинэчлэгдсэн ч тохижилтын ажил бүрэн дуусаагүй. Энэ шалыг суурилуулахад одоогоор 300 сая орчим төгрөг гаргаад байна" гэв.

Дашрамд сонирхуулахад, Коннор спорт корт интернэйшнл (Соnnor Sport Court) нь АНУ-ын спортын дэвжээний тэргүүлэгч бөгөөд NBA, NCAA, FIBA, USTA /АНУ-ын теннисний холбоо/, FIVB /Олон улсын волейболын холбоо/, US Youth Futsal /АНУ-ын залуучуудын футзалын холбоо/ болон АНУ-ын волейболын холбооны албан ёсны дэвжээг үйлдвэрлэдэг.

Д.Өлзий

Related news