Ж.Батзандан гишүүн нийслэлийн 14 мандатыг 22 болгох санал хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-18 13:36:47

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ нийслэлийн мандатын тоог нэмэх байр суурьтай байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “365 мянган хүн амтай Баянзүрх, Налайх дүүрэгт гурван мандат байгаа. Өөрөөр хэлбэл нэг гишүүн 120 мянган хүнийг төлөөлж байна. Гэтэл Архангай аймаг 94 мянган хүн амтай, хоёр мандаттай. Ойролцоогоор Архангай аймгаас сонгогдсон нэг УИХ-ын гишүүн 47 мянган хүнийг төлөөлж байна гэсэн үг.

Тэгэхээр мандатын шударга бус хуваарилалтын зарчмыг өөрчилье гэдэг саналыг иргэд олон нийт, улс төрийн намуудын зүгээс тавьж байна. Хүн амын тал нь Улаанбаатарт амьдарч байхад мандатын хуваарилалт шударга бус байна.

Тиймээс хүн амынхаа тоотой ойролцоо байхаар мандатаа хуваарилах саналтай байна. Ингэх юм бол Улаанбаатарт 22 мандат оногдоно. Баянзүрх, Налайх дүүргийг гуравхан гишүүн төлөөлдөг биш тав, зургаан гишүүн төлөөлдөг болгоё гэж байгаа юм” гэлээ.

Б.Туул

Related news