Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-06 14:19:09

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2016 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоон баталлаа.

Хуралдаанаар аймгийн хэмжээнд энэ онд бэлтгэх модыг сум тус бүрээр баталсан бөгөөд Мөрөн сумын хэрэглээний болон түлшний хэрэгцээг хангах модыг  ойролцоох Алаг-Эрдэнэ, Түнэл, Тосонцэнгэл, Бүрэнтогтох зэрэг хил залгаа 13 сумаас хэрэглээний 9312,6 метр куб, түлээний 61448,4 метр куб модыг бэлтгэхээр болжээ. Мөн Ойн тухай хууль, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу ойгоос мод бэлтгэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгүүлж, үйлдвэрлэлийн огтлолоор бэлтгэсэн 100 метр куб мод тутамд 1,5 га, арчилгааны сийрүүлэх болон завсрын цэвэрлэгээний огтлолоор бэлтгэсэн хэрэглээний модны 100 шоо метр куб тутамд холбогдох аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр 1,5 га талбайд ойжуулалт хийлгэх гэнэ.

Уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор ойгоос мод бэлтгэсэн иргэнээр ойн тухай хуулийн огтолсон нэг модны оронд 10 мод ойд тарьж ургуулах заалтын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг хамтран зохион байгуулахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумдын Засаг дарга, сум дундын болон сумын ойн анги, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт даалгажээ. Бэлтгэсэн  модны оронд ойжуулалтын ажил гүйцэтгээгүй ойн мэргэжлийн байгууллагуудтай мод бэлтгэх гэрээ байгуулахгүй, зөвшөөрөл олгохгүй байхыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Б.Гантуяа

 

Related news