Дмитрий Медведев БНХАУ-д айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-14 11:17:15

МОСКВА. /Sputnik/. БНХАУ-д хийх ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн дөрвөн өдрийн айлчлал өнөөдөр эхэлжээ.

Жөнжоу хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралд Медведев оролцохын зэрэгцээ Учөн хотод болох Дэлхийн интернэт сүлжээний хоёрдугаар бага хурлын нээлтийн үеэр үг хэлэх ажээ.

Тэрбээр сүүлд хийсэн айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай Бээжин хотноо уулзсан байна.

Медведев БНХАУ-д улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын дарга Си Зиньпин болон Афганистаны Ерөнхий сайд Абдулла Абдуллатай уулзана.

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөл

ШХАБ-ын гишүүн орнуудын Ерөнхий сайд нарын уулзалт энэ сарын 14-15-нд Хятадын Хөнань мужийн Жөнжоу хотод болно. Дэлхийн улс төр, эдийн засгийн үйл явцын хүрээнд ШХАБ-ын орнууд дундах хамтын ажиллагааг төрөлжүүлэх хэтийн төлөв, байдлыг Ерөнхий сайд нар хэлэлцэнэ.

ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын олон талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг эргэн хянах, 2012-2016 оны ШХАБ-ын төслүүдийг цаашид хэрхэн боловсруулах тухай арга хэмжээний жагсаалтыг уг уулзалтын үеэр гаргахаар төлөвлөсөн байна. Мөн хөрөнгө оруулалт, тээвэр зэрэг асуудлаар хэлэлцээ хийнэ.

Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдлийг баталж, 2016 оны ШХАБ-ын төсвийн баталгаажуулалт зэрэг уг байгууллагын  үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн шийдвэрийг мөн гаргана.

ШХАБ нь гишүүн таван орон /ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан/, ажиглагчийн статустай таван орон, яриа хэлцээний түнш гурван орноос бүрдэх улс төр, эдийн засаг, цэргийн эвсэл юм.

Дэлхийн интернэт сүлжээний бага хурал

Дэлхийн интернэт сүлжээний бага хурал энэ сарын 16-нд БНХАУ-ын Учөн хотод болно. Бага хурлын нээлтийн үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин болон ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев үг хэлнэ.

Хоёр талын уулзалт

12 дугаар сарын 17-нд болох ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нарын 20 дугаар тогтмол уулзалтын үеэр Медведев болон Ли Көцян нар хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа болон хүмүүнлэг, соёлын харилцан солилцооны тухай хэлэлцэх ажээ.

Мөн хоёр сайдын уулзалтын үеэр Засгийн газар, салбар хариуцсан байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

БНХАУ-ОХУ хоорондын залуучууд солилцооны 2014-2015 оны хөтөлбөрийн хаалтын ажиллагаа болон ОХУ, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслийн жилийн /2016-2017 он/ нээлтийг Бээжин хотод зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

ОХУ-БНХАУ-ын харилцаа

ОХУ-ын эдийн засгийн тэргүүлэгч түнш бол БНХАУ. 2014 онд хоёр улсын худалдааны эргэлт 88.4 тэрбум долларт хүрсэн байна.

Украины хямралаас болж Өрнөдийн орнууд болон ОХУ хоорондын харилцаа  муудсантай холбоотойгоор тус улс байгалийн хий нийлүүлэх гэрээний тухай хэлэлцээ хийх, дипломат харилцаагаа эрчимжүүлэх замаар БНХАУ-тай хийх харилцаагаа өргөжүүлжээ.

Д.Нямтулга

 

Related news