Озэки Киришима Б.Лхагвасүрэн 71 дэх аварга Какүрюү М.Анандын шавь болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Озэки Киришима Б.Лхагвасүрэнгийн “Мичинокү” дэвжээ үүдээ барихаар болжээ.
Учир нь, тус дэвжээний эзэн озэки Киришима нэртэй барилдаж явсан ояката Мичинокү энэ сарын 3-нд 65 нас хүрэх юм байна. Сумогийн дүрэмд 65 нас хүрсэн бол дэвжээ удирдах эрхгүй болдог учир “Мичинокү” дэвжээг хаах гэнэ. Ингэснээр тарахаар болсон “Мичинокү” дэвжээний бөхчүүдийг өөр өөр дэвжээ рүү шилжүүлэхээр боллоо.
Озэки Киришима ёкозүна Какүрюү М.Анандын “Отоваяма” дэвжээнд харьяалагдахаар болсон бол ояката Мичинокү мөн тус дэвжээнд 70 нас хүртлээ туслах оякатагаар ажиллах юм байна.
“Мичинокү” дэвжээ найман бөхтэй байсан. Үүнээс дөрөв нь Харү башёгийн дараагаар зодог тайлсан. Үлдсэн дөрвөн бөхийн хоёр нь “Арашио” дэвжээ рүү, нэг бөх нь “Исэноүми” рүү шилжиж байгаа аж.
Ёкозүна Какурюү М.Анандын хувьд
өнгөрсөн жилийн 12 дугаар сард өөрийн дэвжээгээ нээсэн. Харин одоо озэки
Киришимагийн багш болж хамтран ажиллахаар боллоо.