Т.Түмэнжаргал оюутны “Универсиад-2025” наадмаас хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-24 10:00:11

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Германы Райн Рурт болж буй дэлхийн оюутны спортын зуны XXXII Универсиад-аас Монголын баг тамирчид анхны медалиа хүртлээ.


Тодруулбал, тус наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Т.Түмэнжаргал хүрэл медалиар энгэрээ мялааж, “Универсиад-2025”-д оролцож манай багийн медалийн салхийг хагалсан байна.


Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Энэтхэгийн Лакайг цэвэр, хэсгийн аваргын төлөө Узбекистаны Иброхимовыг вазаригаар ялжээ. Гэвч хагас шигшээд Испанийн жүдоч Баррозо Лопест вазаригаар ялагдсан ч хүрлийн төлөө Унгарын Нажиг цэвэр ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй болсон байна.


Өнөөдрийн байдлаар 45 орны тамирчид ямар нэгэн байдлаар медаль хүртсэн бөгөөд АНУ 28 алт, 20 мөнгө, 24 хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлж байгаа юм. Араас нь Хятад, Солонгос, Япон, Италийн баг эхний тавд жагсаж байна. Монголын багийн тухайд нэг хүрэл медальтайгаар 39 дүгээрт эрэмбэтэй явна.

Универсиад-2025 наадам энэ сарын 27-нд өндөрлөнө.













相关新闻