Жүдо, жюү жицү, чөлөөтийн тамирчид таван медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Бахрейны нийслэл Манама хотод Азийн залуучуудын III наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр өрсөлдсөн манай тамирчдаас жүдо, чөлөөт бөх, жюү жицүгийн тамирчид хоёр мөнгө, гурван медалиар багийнхаа амжилтыг буухиалжээ. Жүдо бөхийн охидын 40 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Хулан мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Тэрбээр Тажикистан болон Киргизстаны бөхчүүдийг вазаригаар ялсан ч финалд Узбекистаны тамирчин Болтабаева Дилафрузд даралтаар дийлдэв. Түүний хувьд хоёр сарын өмнө өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Харин 48 кг-д “Женко” клубийн тамирчин Э.Тэмүгэн Тажикистаны бөхийг цэвэр ялсан ч Энэтхэгийн тамирчинд цэвэр ялагджээ. Улмаар дагах барилдаанд Йорданы бөхийг цэвэр, хүрлийн төлөө Узбекистаны Азамбекова Дианаг юүко үнэлгээгээр хожлоо.
Харин чөлөөт бөхийн хөвгүүдийн 80 кг-ын жинд зодоглосон Б.Буянтогтох Йорданы бөхийг 11:1, Палестины бөхийг 10:0-ээр дутуу гаргаж, дараа нь Тажикстаны бөхийг 5:4-өөр ялж финалдлаа. Улмаар алтан медалийн төлөө барилдаанд Узбекистаны бөх Руфатов Бунеодод ялагдан мөнгө дээр буув.
Үүнээс гадна жюү жицүчид хоёр хүрэл медальтай боллоо. Охидын 52 кг-д барилдсан Б.Мөнхжин Сири, Тайландын бөхийг ялж, Казахстаны бөхөд ялагджээ. Ингээд хүрлийн төлөөх барилдаанд Филиппиний бөхийг 3:0-ээр буулган авснаар шагналын тавцанд зогсов. Тэгвэл 62 кг-ын жинд барилдсан Б.Алтан-Эрдэнэ эхлээд хийлж, дараа нь Вьетнамын тамирчныг ялсан ч Казахстаны бөхөд дийлдэв. Улмаар торгуулийн тойрогт Йорданы тамирчныг нэмэлт цагт буулган авсан бол хүрлийн төлөөх барилдаанд Тажикстаны бөхийг идэвхийн оноогоор ялснаар шагналын тавцанд гарлаа.
Зургаан өдрийн дараах байдлаар Монголын баг тамирчид дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар 29 дүгээрт жагсаж байна.




Ulaanbaatar