Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн даншиг наадамд улсын арслан Э.Батмагнай түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-28 11:25:08

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд нэг аварга,  зургаан арслан, 11 заан, 14 харцага, 30 начин нийт 62 улсын цолтноор магнайлуулсан 512 бөх үнэн хүч, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдлаа.


Энэхүү барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, шинэ залуу улсын арслан Э.Батмагнай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв.


Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа. Наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан М.Лхагвагэрэл, улсын шинэ харцага О.Наранбаатар нар үлдэв.


Тус наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх Ланд круйзер 300 автомашин, үзүүр бөх 70 сая, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 35 сая төгрөг гардаж, шөвгийн дөрвөн бөхийн бай шагналыг Монгол Улсын аварга Д.Сумъяабазар дааж байлжээ.


Өсвөрийн 64 бөхийн барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, Алдар спорт хороо, Чойрын богд дэвжээний бөх, сумын заан Б.Батбилгүүн түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Авзагын хүчтэн" дэвжээний бөх н.Даваабаатар үзүүрлэж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, "Хангайн хүчтэн" дэвжээний бөх Б.Балжинням, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, "Говийн хүчтэн" дэвжээний бөх Э.Нарантулга нар их шөвөгт шалгарсан байна.





 

相关新闻