Улаанбаатарын “Их дуулга” маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-24 15:42:24

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний 14 жингийн сугалаа өнөөдөр боллоо.


Энэхүү үйл ажиллагаанд БТСУХ-ны дарга Э.Билэгт, Олон улсын жүдо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн дарга Армен Багдасаров, Санхүүгийн ерөнхий захирал Насир Тамими, Спортын хариуцсан захирал Коосэй Иноэ, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл тэргүүтэй албаныхан оролцов. Манай улсад гурав дахь удаагаа болох гэж буй Улаанбаатарын “Их дуулга” тэмцээнд 29 орны 247 жүдоч оролцож байгаа бөгөөд маргааш эхний өдрийн барилдаан 12:00 цагт “Степ Арена”-д эхэлнэ. Тэмцээний финалын барилдааныг 17:00 цагаас С1 телевиз эх орон даяар шууд дамжуулах юм. Албан ёсны нээлт энэ сарын 26-нд болно.


Эхний өдрийн барилдаан болох эмэгтэйчүүдийн 48 кг-д 12, 52 кг-д 16, 57 кг-д 14, эрэгтэйчүүдийн 60 кг-д 20, 66 кг-д 25 жүдоч зодоглоно. Улаанбаатар хотноо болж буй “Их дуулга” гурав дахь удаагаа зодоглох гэж буй 25 тамирчин байна. Үүнээс 18 нь Монгол, долоо нь гаднын тамирчин юм. Тэгвэл Японы Мами Үмэки, Монголын Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр нар уг тэмцээнээс гурав дахь медалиа хүртэхийн төлөө барилдана.


Улаанбаатарын “Их дуулга”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж байна.





相关新闻