Түүхэн гавьяаны эздэд хүндэтгэл илэрхийлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Мехико-1968” оны олимпын наадмаас медаль хүртсэн азай буурлуудыг хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ.
Монголчууд 1964 оны Токиогийн олимпын наадамд анх удаа өрсөлдөж тухайн үеийн Японы хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Гүүний сүүгээр угжуулсан монголчууд дараа оны олимпод дийлдэхгүй нь” гэсэн мэдээллүүд гарч байсан гэдэг. Энэ мэдээлэл үнэн, ерөөлтэй байж монголчууд 1968 оны Мексикийн Мехико хотноо болсон зуны спортын наадамд чөлөөт бөхийн төрөлд дөрвөн медаль хүртэж олимпын амжилтын замнал эхэлсэн түүхтэй.
Тэр түүхийн эзэд нь Монгол Улсын гавьяат тамирчин, Ардын багш Ч.Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Артаг, Д.Сэрээтэр нар юм. Түүхийн эздийн хоёр нь өнөөдөр ертөнцийн мөнх бусыг үзсэн. Салбарын удирдлагууд тэдний ар гэрийнхэнд мөн хүндэтгэл илэрхийллээ.