ТӨВ: Суурь боловсролын хамран сургалт 90 хувьд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд орон даяар болсон. Энэ хүрээнд Төв аймгийн ЕБС-иуд шинэ хичээлийн жилээ эхлүүллээ.
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хичээлийн шинэ жилийг нээж үг хэлэхдээ, Төв аймаг боловсролын салбартаа онцгойлон анхаарч, аймгийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна. Ингэснээр салбарын үндсэн үзүүлэлтүүд ахиж, сургалтын орчин нөхцөл сайжирч, сургалтын хүртээмж, чанарт тодорхой ахиц дэвшил гарч байна. Тухайлбал, Ерөнхий боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн 7 жилийн хугацаанд шинээр 2200 суудалтай 4 сургууль, 1120 суудал бүхий 4 өргөтгөлийн барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадал 3320 суудлаар нэмэгдэж, 39 сургуулийн барилгад засвар хийж, 31.6 тэрбум төгрөгийг зарцуулснаар суурь боловсролын хамран сургалт 90 хувьд хүрээд байна гэв.
Мөн бүх шатны боловсролын байгууллагад эрүүл, аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх бодлого зорилтыг хэрэгжүүлж, жил бүр 4-өөс доошгүй цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох арга хэмжээг хэрэгжүүлснээр нийт сургуулийн 93.3 хувь, цэцэрлэгийн 87 хувь, дотуур байрны 96.5 хувь нь стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжаар хангагдлаа.
Хүүхэд, өсвөр үеийнхний амрах, хөгжих, оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан амьдрах арга ухаанд сургах, хөдөлмөрт бэлтгэх зорилгоор Хүүхдийн хөдөлмөр зусланг Эрдэнэсант, Баянчандмань, Жаргалант сумдад байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулж 3 сургууль, 2 цэцэрлэгийг хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангаж, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн санхүүжилт, аймгийн төсвөөр “Аз жаргалын өргөө”-г шинээр засварлан, тохижуулж, ХБИ, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн хөгжлийг дэмжих төвийг байгуулсан гэв.
Энэ хичээлийн жилд дотуур байранд 3028 хүүхэд, Төрийн өмчийн 38, төрийн бус өмчийн 3 цэцэрлэгт 2-5 насны 7907 хүүхэд хамрагджээ. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон Политехник коллежид 16 мэргэжлээр 1003 суралцагч суралцана.