Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-23 17:39:52

Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт үерийн улмаас үүссэн гамшгийн нөхцөлүүдийг багасгах, цэвэрлэх ажилд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд нийгмийн хариуцлагын хүрээнд идэвх, санаачилгатай оролцож байна гэж аймгийн ОБГ-аас онцоллоо.

Тодруулбал Зуунмод сумын дөрөвдүгээр багт Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хамтран үерийн улмаас чулуугаар бөглөрсөн ус зайлуулах хоолойг ухаж гаргах, усанд урссан хашаа, айлын эд хогшлуудыг цэвэрлэж байгаа бол Алтанбулаг суманд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхан усанд автсан айл өрхүүдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж байгаа аж.

Үерийн улмаас ус зайлуулах хоолой чулуугаар бөглөрч, замын хашлагууд цөм эвдэрч сүйдсэн бөгөөд уулын чулуу усанд туугдан үерлэж ирсэн учир цэргийн алба хаагчид бороо орохоос урьтаж, ус зайлуулах хоолойг цэвэрлэж байна.

Мөн Зуунмод суманд үерийн улмаас 181 айлын гэр, дөрвөн орон сууцны барилгын зоорь усанд автаж, зургаан өрхийн гэр урсаж, 53 айлын хашаа нурсан учир Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас гадна төрийн байгууллагууд, Онцгой байдлын газрын алба хаагчид гамшиг учирсан багуудад ажиллаж, цэвэрлэгээг гүйцэтгэж байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Ташрамд, Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн, Баян суманд 6 дугаар сарын 21-ний өдөр орсон аадар борооны үерийн улмаас 380 гаруй айлын гэр, найман орон сууцны барилгын зоорь усанд автаж, 16 өрхийн гэр болон 80 гаруй хашаа урсаж гамшигт үзэгдэл болсон. 

相关新闻