Гүнжийн сүм буюу Хичээнгүй Амарлингуй гүнжийн эд өлгий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Музейн сан хөмрөгт Гүнжийн сүмийн барилгын дээврийн төгсгөлийн нөмрөг болон тосгуур ваар, дунд нөмрөг болон тосгуур ваар, хөх тоосго, хадаас зэргээс хэдэн ширхэг хадгалагдаж байгаа гэж Төв аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэцэгжаргал онцоллоо.
Тодруулбал ваарны диаметр нь 12.5см, урт нь 23.5см, өндөр нь 7см; дунд нөмрөг ваарны өргөн нь 12.5см, өндөр нь 6.7см, урт нь 23.5см; төгсгөлийн тосгуур ваарны нүүрний өргөн нь 17см, өндөр нь 8.5см, ваарны урт нь 19см; дунд ваарны урт нь 18.5см, өргөн нь 16см байна. дээврийн төгсгөлийн нөмрөг ваарны нүүрийг бадам цэцгээр, тосгуур ваарны нүүрийг тоор жимсээр хээлсэн байна.
ГҮНЖИЙН СҮМ БОЛОН ХИЧЭЭНГҮЙ АМАРЛИНГУЙ ГҮНЖТЭЙ
ХОЛБОГДОХ ҮЗМЭР, ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛС
Гүнжийн сүм болон Хичээнгүй Амарлингуй улсын гүнжтэй
холбогдол бүхий үзмэр, эд өлгийн зүйл Монголын үндэсний музей болон Төв аймгийн
музейн сан хөмрөгт хадгалагдаж буй. Төв аймгийн музейд Гүнж болон Гүнжийн
сүмтэй холбогдолтой эд хэрэглэл, барилгын тоосго, дээврийн хөх ваар, хадаас
зэрэг хадгалагдаж байна.
1.Гүнжийн шүүгээ /Гүнжийн аяганы
ширээ/
Улаан
модон, шургуулгатай, голдоо цэцгэн суурь бүхий алтан боронзон хээтэй. Тавцандаа
хашлагатай, хашлагыг сийлбэрлэж хийсэн, 4 хөлтэй. Уг ширээг мод углуургадан нааж
хийсэн, гуулин бариул тоног чимэглэлтэй модон сийлбэр, 4 шургуулгатай. 50.5 см
урт, 38.5см өргөнтэй, нийт өндөр нь 35.5см, 8400 орчим килограмм жинтэй. XVII
зууны сүүл, XVIII зууны эхэн үед Түшээт хан Чахундоржийн ач хүү Дондовдоржийн
хатан, Манжийн Энх-Амгалан хааны охин “Хичээнгүй Амарлингуй” гүнжийн хэрэглэж
байсан эдлэл хэмээн үзэж 1960 онд үзмэрт авсан.
2.Аяга, Зүү утасны сав
Судлаач
З .Оюунбилэг, Ж. Наранчимэг нарын “Гүнжийн сүм” номондоо “Зүү утасны сав”-ыг Чингийн үеийн цайны сав
болохыг судалгаагаар тогтоосон бөгөөд сав болон аяга нь cloisonne
паалантай” гэж тодорхойлсон байна. Сloisonne гэдэг нь эд зүйлийн гадаргуу дээр үнэт металл утсаар
загварын дагуу зургийг гаргаж, түүнийг паалангийн зуурмагаар дүүргэж бүтээсэн
чимэглэлийн паалангийн урлаг юм. Гүнжийн хэрэглэж байсан цайны сав, аяганы
паалан унасан хэсгийг ажиглахад Cloisonne паалангийн урлалын техник мэдэгдэнэ. /З .Оюунбилэг, Ж.
Наранчимэг нарын “Гүнжийн сүм” номын 143, 144-р тал/
Гүнжийн аяганы өндөр нь 5.4см, диаметр нь 10.5см: Гүнжийн зүү утасны савны өндөр нь 8см, диаметр нь 7.6см хэмжээтэй.
3.Бурхны хөрөг
Баргилт
чулуун дээр Манзушир болон цагаан арслан хөлөглөсөн Сэнгэ да Жанрайсиг бурхны
дүрийг товойлгож сийлсэн нэгэн жижиг хавтан. Урт нь 17.5см, өргөн нь 11см,
зузаан дээд тал нь 1.5см, доод тал нь 2.5см, 870гр жинтэй. Судлаач З
.Оюунбилэг, Ж. Наранчимэг нар “Гүнжийн сүм” номондоо “«Баргилт чулуу нь хялбар ойлголцох, бусдын
зовлон зүдгүүрийг ойлгох чадвартай болгоход тус болдог гэж үздэг учраас эрт үед
баргилтаар хийсэн эдээр тахилга үйлддэг байсан уламжлалтай» хэмээн тэмдэглэсэн
буй. Дээрхээс үзэхэд тахилын зориулалттай хийсэн, тахилын сүмд байсан эд
бололтой” гэж тодорхойлжээ.
Манзушир бурхан нь хамаг бурхдын эрдэм мэдлэг, билэг
оюуныг, Жанрайсэг нь хамаг бурхдын энэрэн нигүүлсэлийг эрхшээсэн язгуурын
гурван бурхны 2 нь бөгөөд нөгөө нь Очирваань буюу хамаг бурхдын хүч чадлыг
төгс эрхшээсэн бурхан юм. Язгуурын гурван бурхныг гурвуул болон хоёроор нь
хамт дүрсэлдэг байна.
4. Бугуйвч
Чулуун
зэвсгийн үеэс өнөө хүртэл дэлхий дахинаа нэлэнхүй дэлгэрсэн бугуйн тушаа гартаа
зүүх үнэт эрдэнийн нэг гоёлын эдлэл Мөнгөн хос бугуйвч. 1983 онд Төв аймгийн
Баянцогт сумын иргэн Дорж овогтой Доржсүрэнгийн хүсэлтээр Гүнжийн хэрэглэж
байсан алт шармал хос мөнгөн бугуйвчийг 1000 төгрөгөөр музейн үзмэр болгон
худалдан авсан. Бугуйвч нь хагас дугуй бөгөөд бугуйвчны эргэн тойрон цэцэг,
навч болон түгжээний хоёр талд өлзий хээг товойлгон цутгасан алт шармал мөнгөн
нугас, түгжээтэй. Мөн бугуйвчны дотор талд хятад ханз бүхий дардастай. Бугуйвчны
урт нь 6.5 см, жин нь 80 гр, зузаан нь 1.3см юм.
Ташрамд, Гүнжийн сүм нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын нэг Баруун Баян гол, Хөх чулууны голын эхэнд байдаг. Гүнжийн бунхны цогцолбор 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байжээ. 17-р зууны үеэс нутгийнхан нь Гүнжийн сүм хэмээн нэрлэжээ.
Б.Ренчин “Баруун баянгийн хурал” хэмээн тэмдэглэсэн нь хожим 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеэр энэ сүмд тахилч лам байх тэр цаг үед “Баруун баянгийн хурал” хэмээн нэрлэж байсантай холбоотой. “Баруун баян” хэмээсэн нь тухайн орчны газар нутгийн мартагдаж хуучирсан нэр болов уу? Энэ сүмийн барилга 18-р зууны үеийн Монголын уран барилгын хийгээд эд оюуны соёлын чухал дурсгал юм. Энэ дурсгалыг анх 1941 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 79 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авчээ.