СЭЛЭНГЭ
Багшийн эрдэм шавьд
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБ-ын 2-р сургуулийн монгол хэлний багш Ш.Ариунаа үндэсний эх бичгээ түгээн дэлгэрүүлэх, сурагчдадаа зааж сургах, тэднийг хөгжүүлэх чиглэлд бодит үр дүнтэй ажиллаж байгаа хөдөлмөрч багш нарын нэг. Энэ удаа түүний хөдөлмөрч, дайчин, шаргуу шавь нарынх нь төлөөлөл Л.Ариунжаргал, Б.Баттулга нарыг онцоллоо.Багшийн эрдэм шавьд гэдэг эртний үг байдаг. Үнэхээр эрдмийн суурийг багш тавьж, цаашид хэрхэн өргөжүүлэн тэлэх нь тухайн хүний өөрийн хичээл зүтгэл мэдэх буйза. Ш.Ариунаа багшийн хувьд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн босоо монгол бичгээ сурч, сурсан зүйлээ шавь нартаа зааж сургах гэсэн чин сэтгэл, хүсэлдээ хөтлөгдөн түүнийгээ хэрэгжүүлж яваа. Түүний хувьд сургуулийн алтан босгыг алхаад анхны “А” үсгээ үндэсний монгол бичгээрээ заалгаж байсан анхны монгол бичигтэн сурагч гэдгээрээ омогшдог. Хожмоо монгол хэл бичгийн багш болсоноороо ч бахархаж, түүнийгээ бусдад ялангуяа шавь нартаа хичээнгүйлэн зааж, сурсан бүхнээ түгээхийг гол зорилгоо болгосон багш. Тэрээр өөрийгөө дайчлан бийрийн бичгээр бичиж суран, бийрийн бичгийн гайхамшгийг мэдэрчээ. Энэ сайхан эрдмээ шавь нартаа заах гэж яаран хөл хориотой байсан үед хамгийн хурдан сурах хоёр шавиа гэртээ дуудан зуны амралтын хугацаанд гал тогоондоо суулган нарийн болон дунд бийрээр бичиж сургажээ. Яарсны учир нь түүний шавь нар тун удахгүй жигүүрээ дэлгэн тал бүр тийш нисч, эрдмийн мөр хөөн өөр өөрийн тэмүүллээр одох цаг ирсэн байна.  
1088天