СЭЛЭНГЭ: А.Энх-Амар, А.Энх-Амгалан:Хүн өөрсдөө л хичээх хэрэгтэй
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Төрсөн нутгаа
хөгжүүлэх, өнгө зүсийг нь сайжруулах, бүтээн байгуулах их үйлсэд гар бие
оролцож буй хоёр хүүг сонирхон хөөрөлдлөө. Тэд Мандал сум дахь "Зүүнхараа
ачааны вагон засвар буюу ДЕПО"-ийн хашааг өнгө будгийн хослолоор зурж
чимэглэн хотынхоо үзэмжинд өнгө нэмжээ. Ихэр заяанд төрсөн 2 хүүг А.Энх-Амар,
А.Энх-Амгалан гэдэг. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн Т.Баасанжаргал багштай 9а
ангид сурдаг аж. Ихэр
залуус маань бүр цэцэрлэгт байхаасаа л зураг зурах сонирхолтой байжээ. Зурах авьяасыг
ээж, эгч, ахаасаа өвөлсөн гэнэ. Ах нь 12-р ангид сурдаг бөгөөд зураг зурах,
хөгжим тоглох, дуу дуулах гээд авьяас билэг төгөлдөр хүү юм. Дүү нартаа өөрийн
сурсан мэдсэн бүхнээ зааж сурган, зөв зүгт хөтлөж, авьяасыг нь хөгжүүлэн чиглүүлж
яваа аж. Эднийх ам бүл 6-уулаа. Аав, ээж, ах, эгч нарын хамтаар амьдардаг. А.Энх-Амгалан,
А.Энх-Амар хоёр ихэвчлэн хүүхэлдэйн баатруудын анимейшн зургийг зурдаг байна. Мөн
байгалийн болон хөрөг зургийг сонирхон зурдаг байна. Ажилч, хичээнгүй, хөдөлмөрч,
сурлага, урлаг, спортоор тэргүүлж, сургуульдаа манлайлагч болж яваа ахынхаа
бүхий л сайн талыг дууриан суралцаж, зурахын зэрэгцээ төгөлдөр хуур, гитар
хөгжмийг тоглож сурчээ. Хүүхдүүдийнхээ төлөө, тэдний авьяас билгийг хөгжүүлэхийн
төлөө ээж нь ард талд нь бат зогсож, тусалж дэмжиж, санхүүгийн найдвартай түнш
байсаар иржээ. Ихрүүдийн
зурах сонирхол нэг ч ирээдүйд эзэмших мэргэжил нь өөр өөр зүгт тэмүүлнэ. Нэг нь
инженер болох мөрөөдөлтэй байхад нөгөөх нь компьютер графикч болох сонирхолтой
гэв. Ангийн
39 найзууд нь, ангийн багш Т.Баасанжаргал, аав, ах, ээж нар нь хоёр ихрийг маш
их дэмждэг аж. Тэд хашаан дээр сурсан зургаа өөрсдөө сонгож зурсан байна. Хавар
хичээл тарахын өмнөхөн хоёр зураач маань ээжийнхээ саналаар, ангийн багш,
сургуулийнхаа удирдлагуудын дэмжлэгээр бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргажээ. Энэхүү
үзэсгэлэнг нь ангийн багш нь маш их дэмжиж цахим орчинд тавьж, нийтэд
үзүүлсэнээр ихэр сурагчдын авьяас олонд ил болсон байна. А.Энх-Амар,
А.Энх-Амгалан хоёр ярихдаа “Вагон депогийн ах эгч нар бид 2-ын зургийн үзэсгэлэнг
харсан юм билээ. Тэгээд бидэнд санал тавьсан. Ангийн багш маань бид хоёрын
үзэсгэлэнг цахим группэд тавьсан байсныг харсан гэсэн. Бид 2 хашааны зургаа нэг
л өдөр зурсан. Их тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг юм билээ. Тэр байгууллагын хүмүүс
бас тусалсан” гэж ярив. Тэдний
хамгийн их хүч хөдөлмөр зарцуулж зурсан зураг бол А3-ын цаасан дээр зурсан
хөрөг зураг гэнэ. Хорио цээрийн дэглэмтэй байх үед маш их зураг зурж, цагийг үр
бүтээлтэй өнгөрүүлж байсан чраас үзэсгэлэнгээ гаргажээ. Зураг зурахын хажуугаар
гэрийнхээ ажилд тусалж, ногоо тарьдаг гэлээ.
Тэд
ярихдаа хүн ер нь өөрийн сонирхсон зүйлээ л хийх хэрэгтэй. Бид 2 олны танил
хүмүүсийн зурах дуртай. Ангийн найз нар минь бидэнд тусалдагт маш их баярлалаа.
Ангийн хамт олондоо их баярлаж явдаг. Хүн өөрсдөө л их хичээх хэрэгтэй хэмээн
ярьсан юм.
1034天