Д.Цогтбаатар. Эдийн засгийн коридорын асуудалд анхаарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-10-18 17:11:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд түүнийг 98.3 хувиар баталлаа.
 
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, “Огт ажиллах шаардлагагүй ЭСЯ-д байна уу, мөн цаад улстайгаа эдийн засгийн харилцаа багатай газрууд хэд байна вэ. Эсрэгээрээ харин аль улсад ЭСЯ -аа нээхээр байна вэ” гэсэн асуудлыг тодруулсан. Нэр дэвшигч Д.Цогтбаатар эл асуултад, “ЭСЯ-дыг ямар өнцгөөс харахаасаа асуудал шалтгаална. Зөвхөн бизнесийн нүдээр ЭСЯ-ыг харж болохгүй. Бодит харилцаа байхгүй ЭСЯ, Консулын газруудыг хаасан” хэмээн хариулсан юм.  
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Дипломатуудыг хэрхэн бэлтгэх вэ. Сүүлийн үеийн дипломатуудын чадамж суларсан байна шүү” гэхэд нэр дэвшигч Д.Цогтбаатар, “Манай дипломатууд дотор хэлээ, тухайн улсаа мэдэхгүй хүмүүс томилогдсон тухай мэдээлэл байдаг. Мэргэшсэн хүмүүсийг энэ ажилд авахад анхаардаг байх нь зүйтэй” гэлээ.
 
УИХ-ын гишүүн Б.Жавхлан, “Гадаад харилцааг эдийн засагжуулна гэдгийг би ойлгодоггүй. Гадаад харилцаан дээр эдийн засгийг наачихаар өөх ч биш, булчирхай ч биш болчихоод байна. Эдийн засгийн коридорын асуудал танай яаман дээр байгаа. Иймд энэ асуудлыг Сангийн яам, эдийн засаг болон бусад харьяалах яамдад өгөх хэрэгтэй юм биш үү. Энэ тухайд юу гэж бодож байна вэ. Мөн таван Элчин сайдын томилгоо таны мэдэлд байна уу” хэмээн лавлахад нэр дэвшигч Д.Цогтбаатар, “Гадаад харилцаа, худалдааны яам гэсэн яамтай орнууд байна. Жижиг орны хувьд энэ боломжит хувилбар юм. Дипломат арга хэрэгслийн хүчээр бид 1990-ээд оны үед гадны тусламж дэмжлэгийг авч ирсэн. Хөрөнгө оруулагчдыг ДТГ-ууд эх орон руугаа татах бололцоотой байдаг. Эдийн засгийн коридорын асуудал дээр бусад яамтайгаа хамтарч ажиллана. Таван сайдын тухайд асуудалтай нь бүрэн танилцаагүй байна. Хаанаа юу нь гацаанд орсоныг тодруулж эргэж хариу хэлэх болно” гэсэн юм. Гишүүд зарим асуудлыг тодруулж нэр дэвшигчээс хариулт авсаны дараа үг хэлсэн юм. Тухайлбал,
 
УИХ-ын гишүүн Л.Болд: -Гадны парламент бүрдэхэд вакуумжуулсан орчинд гишүүдээ гадаад харилцаа, батлан хамгаалахын чиглэлээр сургадаг. Одоогийн парламентад 40 гаруй шинэ хүн орж ирсэн. Гэтэл өнөөдөр манай улсад тийм сургалт алга. Тийм сургалтад УИХ-ын гишүүдийг сургах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хоёр чухал салбарыг гишүүд өөрсдийн өнцгөөс ярьж байна. Өнөөдөр дэлхийн тэргүүлэх эгнээнд орж буй улсаас манай улсаас ЭСЯ-аа татан буулгасан. Ер нь бол “Нэг элчин сайд, 1000 цэрэгтэй тэнцэнэ” гэсэн үг байдаг юм шүү. 
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Д.Цогтбаатар гишүүнийг бүрэн дэмжиж байна. Гэхдээ бяртай Засгийн газар, бяртай сайд байхын тулд бодлоготой байх хэрэгтэй. Гэтэл үе үеийн Ерөнхийлөгч өөр өөрийн гадаад бодлоготой байх гэдэг байсан шүү. Хувь Ерөнхийлөгчийн гадаад бодлого гэж байдаггүй. Монгол Улсын гадаад бодлого гэж л бий. Иймээс та хувийн эрх ашиг гэхээсээ улс орны эрх ашгийг хангаж ажиллаарай. Өмнөх Ерөнхийлөгч нар гадаадад айлчлахдаа өөрийгөө төлөөлсөн гадаад бодлого ярьж ирсэн тул энэ алдааг засч нэг цонхоор, нэг сувгаар бодлогоо хэрэгжүүлээрэй. Гадаад харилцааны сайд нэр цэвэр байх ёстой. Тиймээс оффшортой холбоотой асуудлаа цэгцлээрэй.
 
УИХ-ын гишүүн Ундраа: -Олон улсын динамек маш их өөрчлөгдөж байгаа үед мэргэжлийн хүн томилогдож байгаад баяртай байна. Гэхдээ санаа зовж байдаг хэд хэдэн асуудал байна. Гадаад хэлний бэлтгэл сайн байлаа гээд асуудлын гүн рүү орж ажиллах чадвар залуу боловсон хүчнүүдэд сул байна. Манай улс цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан ч энэ чиглэлийн дипломатуудыг бэлтгэх хэрэгтэй. Мөн итали хэлтэй мэргэжилтэй бэлтгэмээр байна. Олон улсын байгууллагын удирдах албан тушаалд ажиллах хүний тоог нэмэхэд анхаарах хэрэгтэй.
 
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Үндсэн чиглэлийн яамыг удирдах хүн УИХ-ын гишүүн байх нь зөв зүйтэй. Гадаадад ажиллаж амьдарч байгаа 250 мянган монгол иргэнийхээ оюуны болон мөнгөн урсгалыг нааш нь татах хэрэгтэй. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шүүмжлэх хүн олон байдаг. Гэхдээ тэрбээр Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж байгаа монгол угсаатанд “Хөх карт” олгох асуудлыг анх гаргаж ирсэн. Энэхүү асуудалд та анхаараарай хэмээв.

Товч намтар
 
Төгссөн сургууль, мэргэжил
 
- 1988 онд 14 дугаар орос дунд сургууль
- 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй
- 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр
 
Ажилласан байдал
 
- 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе
- 1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн
- 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал
- 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
- 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2013 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- 2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайд
- 2015 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байсан.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
 
Холбоотой мэдээ