ЗАВХАН: Хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-13 14:23:54

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн иргэдийн 42.4 хувь нь эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамрагдаад байна.

18 хүртэлх насны хүүхдийн үзлэг оношилгоо 66.3 хувьтай, 18-аас дээш настай иргэдийн хувьд 21.8 хувьтай байна. Эдгээр эрт илрүүлэг үзлэг оношилгоогоор 0-17 насны хүүхдүүдийн дунд зонхилон илэрч байгаа өвчлөл нь амны хөндийн эрүүл мэндийн өвчлөл байна.


Харин 18-аас дээш насны иргэдийн дунд хоол боловсруулах замын эмгэг зонхилон илэрч байна. Өнөөдрийн байдлаар 0-18 насны иргэдийн үзлэг оношилогоог сум, аймгийн өрхийн эмнэлгүүд өдөр бүр хийж байна. 18-аас дээш насны иргэдийн үзлэг оношилгоог аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төв болон, эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг хувийн эмнэлгүүдэд хийж байна.


Эрт илрүүлэгт орсноор өвчнийг эрт үед нь оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой юм. Тиймээс иргэдийг эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдахаар ирж байгаа иргэнд эмч сувилагч нар хөтөч хийж дараалал чирэгдэл үүсгэхгүй байдлаар үйлчлэхэд ихэд анхаарч байгаа гэж Завхан аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвөөс мэдээлэв.



Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоог 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улс, орон даяар хийж байна. 



Холбоотой мэдээ