ЗАВХАН: Загас агнуурын хорионы улирал үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-11 17:40:46

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Загас агнах, барихыг хориглосон хуулийн хугацаа буюу  үржлийн үед нь загас барихгүй байхыг аймгийн БОАЖГ-аас анхааруулав.


Загасыг ахуйн зориулалтаар агнах, барихыг хориглосон хугацаа нь 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15 хүртэл юм. Учир нь загасны үржлийн үе эхэлж байгаа тул ахуйн зориулалтаар загасчлахыг хуулиар хориглосон байдаг.


Завхан аймагт жил бүр БОАЖЯ-наас 100-120 ширхэг загас барих зөвшөөрөл өгдөг. Гэтэл иргэд төдийлөн сайн мэддэггүй. Мэдэж байгаа нь тоохгүй, албан ёсны зөвшөөрөл авахгүй байна.


Тиймээс агнуурын загасны хорионы улирлын үед эргүүл хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байна. Мөн олон нийтэд сурталчлах ажлыг үе шаттайгаар хийж эхэлж байна. Хэрэв зохих зөвшөөрөлгүй иргэн загас баривал байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг.


Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.2 дахь хэсгийн дагуу амьтанд учруулсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр ногдуулдаг.


Мөн Зөрчлийн тухай хуулийн 7.6.1 дэх хэсгийн дагуу иргэнийг 150 000 төгрөг, хуулийн этгээдийг 1 500 000 төгрөгөөр торгоно гэж хуульчилсан байдаг.


Завхан аймгийн иргэд Богдын гол, Чигэстэй, Идэр, Буянт гол, Ширээгийн голоос монгол хадран загасыг зөвшөөрөлгүй их хэмжээгээр барьж байгаа тохиолдол жил бүр бүртгэгдэж байна.

Харамсалтай нь энэ мэдлэггүй, мэдээлэлгүй асуудал тухайн амьтныг хомстолд оруулах гол шалтгаан болж байна.


Мөн иргэд загас барихыг хориглосон хугацаанаас бусад үед загас барихдаа тухайн сумын байгаль хамгаалагчаас зөвшөөрөл, эрхийн бичиг авах ёстой гэдгийг мэдэхгүй байна.


Уг нь нэг эрхийн бичигт хуулийн дагуу 10 хүртэлх загасыг гурав хоногт барихаар бичилт хийх бөгөөд тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 20 хувь буюу монгол хадран загасыг нэг ширхгийг барихад 1000 төгрөг, зэвэг загас 3400 төгрөг гэхчлэн өөр өөр үнэлгээтэй байдаг гэж Завхан аймгийн БОАЖГ-ын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржав мэдээлэв. 

Холбоотой мэдээ