ЗАВХАН: Ихэнх нутгаар цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-09 17:42:36

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өнөөдөр шөнө Завхан аймгийн зарим газраар, маргааш өдөр нутгийн төв, Хангайн уулсаар бороо, цас орж, салхи зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.


Цасан шуурга шуурах тул шар усны үерийн эрсдэл болон болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.


Дөрөвдүгээр сарын 8-9-ний шөнө Завхан аймгийн нутгаар их хэмжээний цас орсны улмаас Загастай, Ганцын даваагаар өнөөдөр өглөөний байдлаар зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ.


Солонготын даваа

Үзэгдэх орчин хязгаарлагдмал автомашин зорчиход хүндрэлтэй байсныг аймгийн Онцгой байдлын газраас дөрвөн албан хаагч нэг автомашинтай ажиллаж нээсэн. 18.00 цагийн байдлаар Загастай, Ганцын давааны зорчих хэсэг нээлттэй байна.

Өнөөдөр шөнө зарим газраар цас дахин орох цаг агаарын урьдчилсан мэдээ байна.

Тиймээс иргэдийг автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа. Мөн малчид тээвэрчид цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, шаардлагагүй бол зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ