ЗАВХАН: Малчин Т.Энхбатынх жуулчдад малчин ахуйгаа таниулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-10 13:48:31

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэс сумын малчид жуулчид болон нутгийн иргэдэд тулгуурлан улирал үл хамаарах номадизм аялал жуулчлалын оролцогч болжээ.


Номадизм.мн нь жуулчид болон нутгийн иргэдэд тулгуурлан улирал үл хамаарах номадизм аялал жуулчлалын оролцогчдыг нэгтгэсэн цахим хуудас юм. Энэ хуудсанд жуулчдыг хүлээн авах боломжтой, сонирхолтой үйлчилгээг санал болгох хэн ч нэгдэж болох юм.


Завхан аймгийн Тэс сумын малчин Тангадын Энхбатынх энэ хуудаст саяхан нэгдэж, ирэх зунаас дотоодын болон гадаадын жуулчдыг хүлээн авах юм. Эднийх Тэс нутгийнхаа үзэсгэлэнт байгальдаа малаа малладаг.


Мөн Тэсийн гол дагуух байгалийн үзэсгэлэн, хүн ардын ёс зан заншлыг сурталчлах зорилготой аялал жуулчлал, нийгэм соёлын төслийг “Тэсийн голын монголчууд” төрийн бус байгууллага хэрэгжүүлж байгаа юм.

Энэ төсөлд оролцож 10 гаруй жил өөрийн ахуй, өв соёлоо олонд таниулж байгаа малчин бол Тэс сумын Дооно багийн малчин Т.Энхбатынх.



2009 оноос жуулчин хүлээн авч байгаа бөгөөд одоогоор гадаад, дотоодын жуулчин хүлээн авдаг дөрвөн гэртэй. Хангай, говь хосолсон өндөр уулс, Тэсийн гол, мөнх ногоон гацууран ой, Нисэхийн шугуй, Алтан элс гээд энэ нутагт орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар нутгаа жуулчдад үзүүлдэг байна.


Ингэхдээ тухайн газар нутгийнхаа түүх, ёс заншлын талаарх сонирхолтой мэдээллийг ч дотоод, гадаадын жуулчдад таниулдаг. Эднийх жилд 1-2 удаа 5-10 хүний бүрэлдэхүүнтэй гадаадын жуулчдыг хүлээн авдаг байна. 2009 оноос хойш давхардсан тоогоор 150 гаруй гадаад жуулчдыг хүлээн авчээ.


“Манайх 2009 оноос эхлэн өөрийн гэртээ жуулчдыг хүлээн авдаг байсан. Харин ковидын жилүүдэд энэ үйлчилгээ тасраад өнгөрсөн зунаас дахин жуулчдаа хүлээн авч эхэлсэн. Мөн жуулчдын тав тухыг хангахаар гэр, зуны сууц бэлтгэж, нутгийнхаа "Алтан элс"-ээс гадна талбайдаа зөөж байршуулан хашилт хийж, хүүхдүүд элсэн дээр тоглох боломжтой болгож тохижуулсан.


Манайд ихэвчлэн франц, америк жуулчид ирдэг нэг удаадаа хамгийн доод тал нь 5 хүн, дээд тал нь 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ирдэг. Бид жуулчдад аль болох эко, өөрсдийн хэрэглэдэг сүү, цагаан идээ, боорцог, жимс гээд монгол малчин айлын хүнсээрээ л дайлдаг.


Мөн нутгийнхаа үзэсгэлэнтэй газруудаар аялуулж, мориор үйлчилгээ үзүүлж, газар нутгийнхаа түүх, уламжлал, ёс заншлаа таниулдаг. Манайд ирсэн жуулчид үнэхээр сэтгэл хангалуун байдаг нь харагддаг. Монголчууд ямар сайхан үзэсгэлэнт байгальд амьдардаг юм бэ, та бүхний хэрэглэж байгаа хоол хүнс, аж ахуй, амьдрал үнэхээр сонирхолтой байна. Ирсэндээ харамсахгүй байна гэж ярьдаг. 


Ирэх зунаас гадаадын жуулчдаас гадна дотоодын аялагчдыг хүлээн авна. Аялах дуртай хүн бүхний очих газар бол Тэс сумын минь байгалийн сайхан юм шүү. Энэ сайхан нутгаас минь нүүдэлчин ахуйн соёлыг мэдэрч заавал зочлоорой” гэж Тэс сумын малчин Т.Энхбатын гэргий Т.Дэмбэрэлмаа ярилаа.

Завхан аймгийн Тэс сумын малчин Т.Энхбатынд  https://nomadism.mn/АПП-г ашиглан зочлоорой.

 

Холбоотой мэдээ