ДАРХАН-УУЛ: "Чингис мастер кросс" уралдаан бямба гарагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-14 16:18:58

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Чимэдцэрэн агсны нэрэмжит автомашины бартаат замын “Чингис мастер кросс-2024” уралдаан гуравдугаар сарын 16-ны бямба гарагт Дархан хотод болно.


1998 онд анх зохион байгуулж, ковидын жил нэг удаа өнжсөн уг уралдаан тамирчдын ур чадварыг сорьсон, жилээс жилд өргөжин тэлж оролцогчдын тоо нэмэгддэг томоохон уралдааны нэг болсон юм.




Нийт долоон гараатай, хэсгийн дөрөв, хагас шигшээ хоёр, финалын нэг гараанаас шилдгүүд тодордог уралдаанд МУГТ Д.Болдбаатар хамгийн олон буюу найман удаа түрүүлж, дөрвөн удаа дэд байрт шалгарсан амжилтаар тэргүүлдэг.


Уралдааны замын тухайд зөөлөн хөрстэй, огцом эргэлт, өгсүүр ихтэй, жалга, уулын хазгай зэрэг нь бусад уралдааны замаас бартаа ихтэй, тэсвэр, уран жолоодлогыг ихэд шаарддаг гэж тамирчид онцолж, өөрсдийнхөө ур чадварыг сорихоор ирдэг.




Зохион байгуулалтын тухайд үзэгчдэд илүү боломжийг нээж, хоёр жилийн өмнөөс Дархан хотын 89.5 радиогоор мэргэжлийн тайлбартайгаар хүргэж эхэлсэн нь илүү сонирхолтой болсон юм.




Ташрамд, Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулдаг уралдаануудаас хамгийн олон үзэгчтэй нь Дархан хотод зохион байгуулдаг ”Чингис мастер кросс” зүй ёсоор багтдаг бөгөөд тогтмол 40-50 мянган хүн үздэг.

Холбоотой мэдээ