БАЯНХОНГОР: Газрын харилцааны мэдээллийг киоск машинаас авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-27 14:30:59

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Баянхонгор сумын ЗДТГ-аас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын баталсан стандартын дагуу үйлдвэрлэсэн Киоск машиныг хэрэглээнд нэвтрүүллээ. 


Газрын харилцааны талаарх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай хүргэх зорилготой киоск машиныг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт байрлуулсан байна. 


Газрын харилцааны үйлчилгээний Киоск машин нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад газрын харилцаатай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Мөн 52 төрлийн өргөдөл, хүсэлтийг цахимаар гаргах, шийдвэрлүүлэх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах, мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх, газрын төлбөр шалгах, газрын төлбөрөө QR-аар төлөх зэрэг үйлчилгээн байна.


Тодруулбал,

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрээ;

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ;

Кадастрын зураг;

Газрын барьцаа, төлбөрийн мэдээлэл лавлагаа;

Газрын төлбөрөө QR-аар төлөх;

Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлтийг авах боломжтой юм байна. 


Киоск машин нэвтэрснээр газрын харилцааны салбар дахь шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, дараалал цөөрүүлэх, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай хүртээмжтэй болгоход томоохон ахиц авчрах юм. Хэрэглэгч үйлчилгээг өөрийн регистрийн дугаар болон системд бүртгэлтэй утасны дугаараа ашиглан нэвтэрч, үйлчилгээ авах боломжтой. 

Холбоотой мэдээ