Хулсны баавгайг Сан-Диегогийн амьтны хүрээлэн рүү дахин илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-22 15:01:21

НЬЮ-ЙОРК, 2024 хоёрдугаар сарын 22 /AP/. Хятад улс энэ зун эр эм хос хулсны баавгайг Сан-Диегогийн амьтны хүрээлэн рүү (АНУ, Калифорни муж улс) илгээхээр төлөвлөж байгаа тухай тус зоопаркийн төлөөлөгчид мэдээлэв. 


Бүх зөвшөөрлийг олгосны дараа хулсны баавгайнууд зуны сүүлчээр Сан-Диегод ирэх ажээ. Тус амьтны хүрээлэнд байсан хулсны баавгайнуудыг тав орчим жилийн өмнө Хятад руу буцаасан юм. 


Хятад улс хулсны баавгайг Америкийн амьтны хүрээлэн рүү дахин илгээхээр шийдвэл бид баяртай байх болно гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн харилцаа холбоо хариуцсан зохицуулагч Жон Кирби өнгөрсөн онд хэлж байв. Түүний хэлснээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин “пандаг АНУ руу дахин илгээх талаар эргэцүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн" аж.


Хулсны баавгай бол Хятадын албан ёсны бус бэлгэ тэмдэг бөгөөд төрийн хамгаалалтад байдаг. Энэ амьтныг гадаадын улс орнууд руу илгээдэг уламжлалтай бөгөөд үүнийг "пандагийн дипломат ажиллагаа" гэж нэрлэдэг.


Хятадад одоогоор зэрлэг буюу байгальд байгаа хулсны баавгайн тоо толгой 1800 орчимд хүрсэн бөгөөд эдгээр амьтад голдуу хулсан ой хадгалагдан үлдсэн Сычуань мужийн баруун өмнөд хэсгийн уулархаг нутагт нутагладаг. Мөн үржүүлгийн газрууд, амьтны хүрээлэнгүүдэд 180 орчим хулсны баавгай бий. Тус улсын эрх баригчид 2025 он гэхэд онгон байгальд буй хулсны баавгайн тоо толгойг 2 мянгаас дээш болгон нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Холбоотой мэдээ