Японд сакура цагаасаа эрт цэцэглэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-02-21 09:32:54

ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 21 /NHK/. Ирэх гуравдугаар сард дулаахан байх төлөвтэй байгаа тул Японд сакура мод ердийнхөөс эрт цэцэглэж магадгүй байгааг цаг уурчид хэлж байна.


Канто бүс нутагт мягмар гарагт агаарын хэм урьд ажиглагдаж байгаагүй хэмжээнд хүрч дулаарчээ. Мөн Гүнма мужийн Такасаки, Исесаки хотуудад хоёрдугаар сард анх удаа 25 хэмээс давж халсан нь даваа гаргийнхаас 10 хэмээр өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн зарим бүс нутагт агаарын температур дөрөвдүгээр сарын сүүлчээс зургаадугаар сарын дунд үеийнхтэй адил хэмжээнд хүрч дулаарсан бөгөөд Токиогийн төвд +23.7 хэм хүрчээ.


Урд зүгээс бүлээн агаарын урсгал Канто бүс нутагт ойртон ирж байгаагаас үүдэн дулаарч байна гэж Цаг уурын агентлаг мэдээлжээ. Гэхдээ лхагва гаргаас дахин хүйтрэх төлөвтэй байгааг цаг уурын албаныхан хэлж байнаХарин гуравдугаар сард агаарын температур ердийн үеийнхтэй ойролцоо буюу түүнээс дээшилж дахин нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Канто даяар интоорын мод цэцэглэх улирал эхлэх хугацааг урагшлуулах магадлалтай байна.


Цаг уурын Weather Map хувийн компаниас пүрэв гарагт мэдээлснээр, сакура Токиогийн төвд гуравдугаар сарын 17-нд, Сайтама мужийн Күмагаяа хотод гуравдугаар сарын 22-нд, Ёкохама, Мито хотуудад гуравдугаар сарын 23-нд цэцэглэх магадлалтай байна. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарах боловч гуравдугаар сард ердийнхөөс дулаан байх төлөвтэй байгаа тул энэ жил Кантод интоорын мод ердийнхөөс долоо хоногийн өмнө цэцэглэх төлөвтэй байгаа ажээ.


Японы Цаг уурын нийгэмлэгээс нэгдүгээр сарын 31-нд танилцуулсан урьдчилсан мэдээллээр, сакура мод гуравдугаар сарын 20-нд Токиогийн төвд, гуравдугаар сарын 21-нд Ёкохама, Күмагаяа хотуудад, гуравдугаар сарын 23-нд Гүнма мужийн Маэбаши хотод цэцэглэж эхэлнэ. Урьдчилcан мэдээллүүдийг хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд тулгуурлан шинэчилдэг.

Холбоотой мэдээ