Их Британийн монгол судлаач Алан Сандерс Монголын тухай өдөр тутмын мэдээллийг МОНЦАМЭ агентлагаас авдгаа ярьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-31 09:01:32
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британийн монгол судлаач Алан Сандерс Лондонгийн ойролцоох Рийдинг хотноо энх тунх амьдарч, Монголын тухай мэдээллийг өдөр тутам сонирхож сууна.


Их Британид амьдардаг Б.Цэрэнбат саяхан түүнтэй очиж уулзаж, Монголоос захисан номыг нь хүргэж өгөнгөө хууч хөөрчээ. Тэрбээр энэ тухайгаа нүүр номынхоо (Facebook) хуудаснаа "Өвгөн буурал судлаач Алан Сандерс гуайтай хэсэг хөөрөлдлөө. 86 насны сүүдэр зооглож буй тэрбээр удаан ярихаар жаахан ядрах гээд буйг эс тооцвол ухаан санаа саруулхан, яриа хэл цэгцтэй байна. Нэг сонсож байгаагүй сонин зүйл ярьсан нь 1963 онд дипломат харьцаа тогтоодог жил Английн хэсэг бизнесүүд нийлж Англи, Монголын нийгэмлэг (Anglo Mongolian Society) гэдгийг тэр үеийн усан тээврийн магнет Фернас гэдэг хүнийг ятган ухуулж тэргүүнээрээ тавьснаар үүсгэж 100 гаруй гишүүнтэй ч болж байж. Монголоос урлаг соёлын үзүүлбэрүүд, бүр жүжиг ший ч авчрах дэврүүн төсөөлөлтэй ажилладаг байсан аж. Харамсалтай нь хоёр орны улс төрийн системийн ханыг хэдэнтээ мөргөөд тэр байгууллага замхарсан бололтой" хэмээн бичжээ.


Монгол судлаач Алан Сандерс энэхүү уулзалтын үеэр "30 жилийн дараа "Тамгагүй төр" жүжиг Англид тоглох гэж байна. Юм тэгээд цаг нь болохоор болдог л юм даа" хэмээн өгүүлэнгээ "Монголын тухай өдөр тутмын мэдээллийг интернэтээс, тэр дундаа МОНЦАМЭ агентлагаас байнга авч байна. Монголын Засгийн газраас "Монголд зочлох жил"-ийг зарлаж, жуулчдыг олноор урьж байгаа юм байна. Ойрын үед удаа дараа Улаанбаатарт болж буй үер тэр санаачилгад таагүй нөлөө үзүүлэх вий дээ" хэмээн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.


Их Британийн монгол судлаач Алан Сандерс нь BBC-д ажиллаж байх үеэсээ Монголын тухай мэдээлэл судалгаатай холбогдсон, улмаар Монгол Улсын Их Сургуульд (1968-1969) суралцсан цагаас хойш түүх, улс, нийгэм, эдийн засгийг судалж "Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Ерөнхий гарын авлага" (The People's Republic of Mongolia: A general reference guide, 1968), "Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Улс төр, эдийн засаг, нийгэм" (Mongolia: Politics, Economy, and Society,1987), "Монголын түүхийн толь бичиг" (Historical Dictionary of Mongolia, 2010) зэрэг олон ном бичсэн нэрт эрдэмтэн билээ. Тэрбээр Англи, Монголын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, гишүүнээр 1990-ээд оны эхэн хүртэл олон жил ажилласны зэрэгцээ Их Британи дахь Монгол судлалын төвүүдэд монгол судлал, монгол хэл бичгийн хичээл зааж, Олон улсын монгол судлалын их хуралд оролцохоор хэдэнтээ Монгол Улсад ирж байжээ.


Холбоотой мэдээ