МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД: Хүн амын 50.7 хувийг эзэлж, дунджаар 76 насалж байна

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-03-08 08:14:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр  өнөөдөр тохиож байна. Дэлхийн мянга, мянган эмэгтэйчүүд эл өдөр эрхээ хамгаалахаар үгээ хэлж, нийгэм, улс төр, эдийн засаг дахь оролцоо болон тэгш бус байдлыг халах талаар тэмцэл, жагсаал цуглаан өрнүүлдэг билээ. 


Анх 1908 онд Нью-Иорк хотноо 15 мянган эмэгтэй ажлын цагийг богиносгох, цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагыг тавьснаар дэлхий нийт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй болох суурь нь бий болсон гэдэг. Америкийн Социалист нам энэхүү хөдөлгөөнөөс яг жилийн дараа Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсноо зарлажээ. Харин энэхүү өдрийг олон улсад тэмдэглэх санааг коммунист идэвхтэн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч  Клара Цеткин 1910 онд Копенгагенд болсон Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн бага хурлын үеэр гаргаж, 17 орны 100 эмэгтэйн дэмжлэгийг авчээ. Үүнээс хойш буюу 1975 онд НҮБ албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон түүхтэй. Манай улсад Ардын их хурлын шийдвэрээр эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тэмдэглэхээр шийдвэрлэж байжээ.


МОНГОЛЧУУД ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ?

Манай улс 3.5 сая хүн амтай бөгөөд нийт хүн амын 50.7 хувь буюу 1.7 сая нь эмэгтэйчүүд. Тэдний гуравны хоёр  нь буюу 69.6 хувь нь хот суурин газарт, үлдсэн гуравны нэг нь буюу 30.4 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна гэсэн судалгаа бий. Тэгвэл эмэгтэйчүүд олон улсын  эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэж байна вэ? гэсэн асуултад дийлэнх нь үзвэр тоглолт үздэг, нөхөр хүүхдүүдийн зүгээс баярын бэлэг сэлт өгч баярлуулдаг, гэр бүлээрээ болон хамт олноороо хоолонд ордог гэсэн нийтлэг хариултыг өгч байв. Үнэндээ жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр цэцэг, бялуу, вино, чихрийн цуглуулга барьсан эрчүүд гудамжаар дүүрдэг нь нууц биш. Тэд ээж, эхнэр, охиноо баярлуулах гэж хэрэндээ мэрийцгээдэг. Энэ нь зөвхөн Монголд байдаг ч зүйл биш манай хөрш ОХУ-д гэхэд эл өдөр цэцгийн худалдаа гурав дахин нэмэгддэг гэсэн статистик бий. Тэгэхээр эрхийн өдрөөрөө бид зөвхөн цэцгийн баглаа, чихрийн цуглуулга авахаар хязгаарлагдахгүйгээр тэгш бус байдлын төлөө дуугардаг, нийгмийн хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ  оруулах нь чухал юм. Энэ талаар сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд дуугарч, улс төр, нийгэм, эдийн засаг дахь оролцоогоо нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллын асуудлыг хөндөх болсон. Гэсэн хэдий ч хэвшмэл ойлголтоосоо бид төдийлөн ангижирч, нийгмийг түүчээлэх нь сул хэвээр байгааг хурал, чуулган бүр дээр эмэгтэйчүүд тодотгосоор ирсэн. 


ТӨР БОДЛОГООР ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ДЭМЖСЭНЭЭР ТЭДНИЙ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ НЭЭНЭ

Эдүгээ манай улсад хөдөлмөрийн насны 2.1 сая хүн байгаа бөгөөд нийт ажиллагсдын 48 хувь нь эмэгтэйчүүд гэсэн статистик судалгаа бий. Хөдөлмөрийн насны хэрнээ  хөдөлмөр эрхлээгүй 978 мянган хүн байгаагаас эдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд аж. Эмэгтэйчүүд яагаад хөдөлмөр эрхлэхгүй байна вэ гэсэн шалтгааныг судлаад үзвэл 112 мянган эмэгтэй хүүхэд харах, эсвэл жирэмсэн гэсэн тайлбарыг хэлсэн байна.  Монгол ээжүүд улс орныхоо  хүн амыг өсгөхөд оролцох нь зайлшгүй хэрэг. Гэхдээ төрөөс эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний хөдөлмөрлөх бололцоог хангахын тулд цэцэрлэг, сургуулийн тоог нэмэх, дэд бүтцийг сайжруулах ёстой. Гэтэл өнөөдөр олон мянган ээж цэцэрлэгийн хүртээмжгүйгээс болж гэртээ сууж хүүхдүүдээ харж байна. Үүний цаана эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломж алдагдаж, нийгэм дэх нөлөөлөл буурах эрсдэл дагуулсаар байна. Жишээ нь,  Австрали  сургууль, цэцэрлэгийнхээ хүртээмжийг сайжруулахад маш сайн анхаардаг улс. Дэд бүтцийн асуудлаа шийдсэнээр улс орны хөгжил урагшилдаг төдийгүй маш олон асуудлыг цэгцэлдэг гэдгийг тус орны жишээнээс харж болно. Австралийн сүүлийн 30 жилийн эдийн засгийн өсөлтийн  гол үндэс  нь сайн дэд бүтэц, зөв хандлагын үр дүн гэдгийг австраличууд ярьдаг. Нээлттэй эдийн засгийн үр нөлөө, хүн амзүй, жендэрийн асуудлаа маш мэдрэмжтэй шийдвэрлэснийг иргэд нь онцолдог. Түүнчлэн тус улс хуулийн хүрээнд эмэгтэйчүүдээ дэмжсэнээр эрэгтэйчүүдийн хандлагыг өөрчилсөний зэрэгцээ эерэг дам нөлөөлийг бий болгосон байна.


ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЖ БУЙ ҮР НӨЛӨӨ МОНГОЛД СУЛ БАЙДАГ УУ?

Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь  хөдөө аж ахуй, боловсрол эрүүл мэнд, үйлчилгээний салбарт түлхүү ажиллаж байна. Тодруулбал эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт ажиллагсдын 82 хувь, боловсролын салбарт 80 хувийг  эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн тоо баримт бий. Цалин хөлсийг аваад үзвэл эмэгтэй ажиллагсдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдийнхээс 350.5 мянган төгрөгөөр доогуур гэсэн үзүүлэлтийг ҮСХ-ноос гаргажээ. Энэ нь улсын дунджаас 10 хувь, эрэгтэйчүүдийнхээс 18 хувиар бага үзүүлэлт юм.


Эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо Европт өндөр бол хамгийн бага нь Зүүн Азид байдаг гэсэн судалгаа бий. Үүнийг мэргэжилтнүүд  тухайн улс орнуудын уламжлалт хандлагатай нь холбоотой хэмээн тайлбарладаг.


Үнэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тансаг зүйлс, баяр хэлбэрээр хэмжих бус нийгмийн ач холбогдолтой үр нөлөө бүхий асуудалд хандуулах хэрэгцээ шаардлага үүссэн гэж хэлж болно. Тухайлбал сэтгэлгээний хандлага, уламжлалт хэв маягийг эвдсэнээр сүүлийн 30 жил өөрчлөгдөөгүй ядуурлын түвшинг бид бууруулж мэдэх юм. Дэлхийн банкны судалгаагаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр авлигаас ангижирч, улс орны эдийн засаг сайжирдаг нь судалгаанаас ажиглагдсан хэмээн мэдэгдэж байсан удаатай. 


ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТООС САЛЖ БАЙЖ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭГШ ЭРХ НИЙГЭМД ҮҮСНЭ

Эмэгтэйчүүд сайн гэрийн эзэгтэй, халамжтай ээж байх, бизнесээ авч явах, ажил хөдөлмөр эрхлэх гээд маш олон ажлыг зэрэг амжуулахтай нүүр тулдаг. Гэсэн хэдий ч нийгмийн манлайлалд тэд гарч чадахгүй байгааг уламжлалт байдалтай холбон тайлбарлах нь бий.


Тоон үзүүлэлтүүдээс үзвэл шийдвэр гаргах түвшний 30 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд улс төрийн түвшний төлөөлөл бага хэвээр байгаа нь шийдвэр эрэгтэйчүүдийн талд шийдэгдэх магадлалыг нэмэгдүүлдэг байна. Нөгөөтэйгүүр уламжлалт ойлголт буюу гэрийн эзнийг хүндэтгэх Монгол ёс эрчүүдэд давуу байдлыг бий болгодог гэлцдэг. Өрх дотор шийдвэр гаргахад тэгш бус байдал газар авч, эмэгтэйчүүдийг дорд үзэх үзэл нийгэмд, тэр дундаа цахим орчинд нэмэгдэж байгааг шүүмжилдэг ч энд бодитой өөрчлөлт гарахгүй байна.


Үнэндээ хэвшмэл ойлголтоос салж, сэтгэлгээний хувьсгал хийж байж эмэгтэйчүүдийн тэгш эрх нийгэмд бий болно. Улмаар хүний эрхийн талаар иргэд мэдлэгтэй болсноор хүмүүст хүндэтгэлтэй хандах нөхцөл бүрдэнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Түүнчлэн өнөөдөр өрх толгойлсон эмэгтэйчүүд яагаад олон болов гээд хөндөх асуудал нийгэмд  их болсон. Үүний цаана хариуцлага хүлээхгүй хаяад явсан эрчүүд бий. Хариуцлагатай учраас хүүхдээ аваад үлдэж байгаа гээд асуудал хөвөрдөг хэмээн эмэгтэйчүүд ярьж байна. Аливаад хариуцлагатай гэдгээс улбаалаад охин хүүхдээ түлхүү сургах, тэднийг дэмжих дэмжлэг нийгэмд бий болсноор  охид эрэгтэй хүүхдүүдэд түрэмгий боллоо гэсэн болгоомжлол сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа. Магадгүй 10 жилийн дараа эрэгтэйчүүдийн жендэрийн асуудлыг маш хүчтэй хөндөхөөр болоод байна хэмээн жендэр хариуцсан мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Үүний  цаана хүний эрхийн асуудлыг тогтолцоогоор нь маш хариуцлагатай хөндөх цаг ирснийг нийгэм анхааруулж байна.


ИРГЭДИЙНХЭЭ НИЙТЛЭГ ЭРХ АШГИЙГ ТӨР ХАНГАН БАТАЛГААЖУУЛАХ УЧИРТАЙ

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний хөдөлмөр эрхлэлт болон нийгэмд үзүүлэх үр нөлөөллийн талаар ажилладаг төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн 1000 орчим байгууллага Монгол Улсад бүртгэлтэй гэсэн тоо баримт бий. Эдгээр байгууллагууд ганц, ганцаар бус нэгдэж, зөвхөн улс төрд бус бүх салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгоход баг болж шийдвэр гаргагчдад  байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна гэдгийг эмэгтэйчүүд хэлж байна. Түүнчлэн хүн амын 51 хувь  нь эмэгтэйчүүд хэрнээ бие, биенээ дэмждэггүй. Тиймээс эмэгтэйчүүд бие, биенээ дэмжих дэмжлэгийн хандлагаас өөрчлөлтийг эхлүүлэх ёстой гэдгийг дээрх баримтаас дүгнэхээр байна.


Эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоо илүү их хувь нэмэр оруулж байгааг тоон баримтууд илтгэдэг ч тэд зөвхөн гүйцэтгэх түвшинд ажилласан хэвээр байна. Олон улсын байгууллагууд манайд энэ талаар зөвлөмж өгдөг ч хэрэгжүүлэх нь ховор. Үнэндээ Монгол Улс Үндсэн хуулиа баримталж төр бодлогоор эмэгтэйчүүдээ дэмжих ёстой. Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө төр, эдийн засаг, нийгэм соёлын бүх эрх чөлөөг ханган баталгаажуулах учиртай. Хүний эрхийн конвенцод эрх тэгш байх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг тунхагладаг. Тиймээс төрийн зүгээс эмэгтэйчүүдийн оролцооны асуудал дээр холбогдох хууль тогтоомжуудаа өөрчлөх, төрийн манлайллыг бий болгох нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад томоохон хөшүүргийг бий болгоно. 


Холбоотой мэдээ