COP27: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үгээс онцлох 15 эшлэл

ТОЙМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-11-09 08:07:57
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад өчигдөр үг хэллээ. Түүнийг хэлсэн үгээс уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монгол Улсын байр суурийг тодотгосон онцлох эшлэлүүдийг хүргэж байна.


  1. Дэлхий нийтийг хамарсан хүнс, эрчим хүчний хомсдол, үнийн өсөлт, геополитикийн хурцадмал байдал зэрэг хүндрэл бэрхшээлтэй асуудал олон байгаа хэдий ч дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтоо ханган хэрэгжүүлэх, түүн дотроо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хүчин чармайлтаа хэрхэвч сулруулж болохгүй бөгөөд харин ч улам идэвхтэй ажиллах явдал чухал байна.
  2. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл хэрэг бол хөрсөө хамгаалах, хүнсээ хамгаалах, хүнээ хамгаалах хүн төрөлхтний суурь асуудал мөн.
  3. Улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм.
  4. Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах үүднээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан зохион байгуулж байна.
  5. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол орны ойн сан нэмэгдэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээс гадна  хөрс хамгаалал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал сайжрах, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхэд  эергээр нөлөөлнө гэж үзэж байна. Тус хөдөлгөөнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өөрийн биеэр нэгдэн, дэмжин оролцсоныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
  6. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин бидэнтэй хамтран ажиллаж байгаа дэлхийн улс орнууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудад гүн талархал илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс Европын холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Ази тивийн анхны улс болж байгааг дуулгахад таатай байна.
  7. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орнуудын нэг бөгөөд манай орны ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг хэдий ч хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог.
  8. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хүчин чармайлтыг тууштай дэмжиж, өөрийн зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ хүрээнд манай улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо 27.2 хувьд хүргэн ахиулан тодорхойлсон нь манай орны хувьд өндөр үзүүлэлт юм.
  9. Манай улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2600 гегаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон. Энэ нь Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байна.
  10. Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын  18.2 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 30 хувьд хүргэхээр зорьж байна. Өдгөө Монгол Улсын  малчин өрхийн 75 хувь нь сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг. Дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. 
  11. Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад метан хийн ялгаралд онцгой анхаарч, “Даян дэлхийн метаны амлалт”-д саяхан нэгдсэн. 
  12. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор Монгол Улс “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх” зорилт тавин ажиллаж байна.
  13. Уур амьсгалын өөрчлөлт хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөтэй хавсран биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, цөлжилтийн явцыг түргэтгэж байна. Иймд Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа дуулгахад таатай байна. 
  14. НҮБ-ын суурь конвенцууд буюу Риогийн 3 конвенцын хоёр болон олон талт хамтын ажиллагааны механизмууд, тухайлбал “Парисын хэлэлцээр”-ийн 6 дугаар зүйлд заасан дэлхийн нүүрстөрөгчийн зах зээлийг улс орнууд оновчтой ашиглах нь зүйтэй юм. Ингэснээр хөгжиж буй улс орнуудад шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, ногоон санхүүжилтээ нэмэгдүүлэх боломж нэмэгдэх бөгөөд үр дүнд нь хөгжиж буй улс орнууд тулгарч буй бэрхшээл сорилтоо амжилттай даван туулж, дэвшүүлсэн зорилтоо ханган хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна. 
  15. Монгол Улс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, донор болон хөгжлийн түншүүд Та бүхэнтэй бүх талаар нээлттэй, харилцан ашигтай, үр дүнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа энэхүү хүндэт индрээс дахин илэрхийлж байна.
Холбоотой мэдээ