“Хонда” компани Бангладешт мотоциклийн үйлдвэр байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-11-12 11:55:44

ДАККА. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Хонда” компани мотоциклийн шинэ үйлдвэрээ Бангладеш улсад байгуулсан бөгөөд тус компани нь мотоциклийн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан ажээ.


Бангладешийн төвийн Муншиганж дүүрэгт шинээр байгуулагдсан уг үйлдвэрийг 28 сая орчим ам.долларын хөрөнгө оруултаар барьж байгуулжээ. Өнгөрсөн ням гарагт болсон үйлдвэрийн нээлтийн ёслолд Бангладешийн засаг захиргаа болон “Хонда” компанийн төлөөлөгчид оролцсон байна.


Тус компани нь 2021 он гэхэд жилд үйлдвэрлэх мотоциклийн тоог 200 мянга гаруйд хүргэхээр төлөвлөж байгаа ажээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Бангладеш улсын хүн амын мотоцикл худалдан авалтын хэмжээ хоёр дахин өссөн нь тус улсын эдийн засгийн хурдацтай өсөлттэй холбоотой юм. Энэхүү үзүүлэлт цаашид ч өсөх хандлагатай байгаа ажээ.


“Хонда” компанийн Бангладеш дэх салбарын гүйцэтгэх захирал Юичиро Ишиин мэдээлснээр, 160 сая хүн амтай Бангладеш улс нь маш том зах зээл бөгөөд манай компани тус улсын мотоциклийн зах зээлийн ихэнх хэсгийг хангахаар эрмэлзэж байна гэжээ. 

Холбоотой мэдээ