"Өвсний үндэс" төслийн хөрөнгө оруулалтаар түргэн тусламжийн 10 машин хүлээлгэн өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-15 17:40:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөх төслийн гэрээ байгуулах ёслолын  үйл ажиллагаа боллоо.

 Тус төслийн хүрээнд Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, ЭХЭМҮТ, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-д тус бүр нэг, Түргэн тусламжийн төвд гурав, нийт 10 ширхэг түргэн тусламжийн автомашин  нийлүүлэх юм.

Эдгээр автомашиныг нийлүүлснээр тухайн эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай түргэн тусламжийн чадавх өсөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
Япон улсын Засгийн газраас Монгол улсын Эрүүл мэндийн салбарыг дэмжин,  өндөр хүчин чадалтай, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн байгууллагуудыг хангах төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Тухайлбал, 2013 онд  Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд  4 тэрбум төгрөгийн 4 төрлийн /OLIMPUS дурангийн иж бүрдэл, Зөөврийн ЭХО аппарат, ариутгалын автоклав, өвчтөний тэргэнцэр/ эмнэлгийн  тоног төхөөрөмжийг  гуравдагч шатлалын УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, СЭМҮТ, амаржих газрууд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд хандивлаж, хүлээлгэн өгсөн байна.

Мөн 2014 онд  Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд   2.1 тэрбум  төгрөгийн түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин,  ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудыг бэхжүүлэхэд  16.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангах төсөл амжилттай хэрэгжжээ.  Мөн 2014 онд Өвөрхангай болон Говь-Алтай аймгийн 35 сум, сум   дундын  эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах 13.2 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжсэн бөгөөд энэхүү төслийн үлдэгдэл төсвөөр тус бүр нь 16.0 сая төгрөгийн үнэ бүхий Япон улсад үйлдвэрлэсэн MT-610  загварын 32 ширхэг Ургийн мониторыг 2018 оны 5 дугаар сард хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ