Журмын хашаанд байгаа 150 гаруй мотоциклийн зарим нь таван жил болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-30 12:08:22
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх “Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр”-нд одоогоор Захиргааны хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан 154 мотоцикль байна.
Бичиг баримтгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хамгаалах малгай өмсөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэх зэргээр ихэвчлэн хөдөөнөөс орж ирж байгаа иргэд мотоциклио журамлуулжээ. Хууль, журмын дагуу торгуулиа төлөөд тээврийн хэрэгслээ авах ёстой ч иргэд, малчид мөнгөгүй гэх шалтгаанаар мотоциклио орхиод явдаг бөгөөд Түр саатуулах байрны хоногийн төлбөр нэмэгдэж, бараг шинэ унаа авах хэмжээний өрөнд ордог байна. Тиймээс журмын хашаанд 3-5 жилийн өмнө саатуулсан мотоциклиуд ч байгаа аж.
Одоогоор 154 мотоциклийн ердөө 10 нь ашиглах боломжтой, бусад нь зэвэнд идэгдэх, тоногдох байдлаар ашиглалтаас гарсан гэдгийг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат хэллээ. Үүнд Журмын хашааны зохион байгуулалт, хамгаалалтын хариуцлагагүй байдал харагдаж байгаа юм. Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын VII хуралдааны үеэр хэлэлцэж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал, тээврийн хэрэгслийг түр саатуулах байр, хашаанд бүртгэж авснаас хойш 24 цагийн дотор буцаан авсан тохиолдолд хоногийн хураамжаас чөлөөлөхөөр болов. Мөн “хаягдсан” 154 мотоциклийг эздийг нь олж өгөх ажлыг сумдын Засаг дарга, төлөөлөгчдөд үүрэг болгосон бөгөөд түр саатуулах байрны төлбөр, хураамжийг авалгүй, харин үзлэг, оношилгоо, татварын мөнгийг нь гаргуулах байдлаар олгох нь зөв гэдгийг Төлөөлөгчид хэлж байлаа.
Түүнчлэн журмын хашаанд саатуулсан иргэдийн өмч хөрөнгө үрэгдэх, тоногдох явдал гарч байгаатай холбогдуулаад иргэн, аж ахуйн нэгжтэй менежментийн гэрээ байгуулан үйл ажиллагааг нь гүйцэтгүүлэх, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газарт даалгалаа. Дашрамд дурдахад Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хураамжаар 2017 онд 20 гаруй сая төгрөгийн орлого оржээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ