“Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-18 08:52:40

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсисийн санаачилгаар “Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээ энэ сарын 15-нд Нью-Йорк хотноо эхэллээ.


Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин “Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээний аялал жуулчлалын асуудлаарх бүгд хуралдаанд Далайд  гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийг төлөөлж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ ДГХБО-ын хувьд дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын платформуудыг түлхүү ашиглах, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх нь аялал жуулчлалын салбарыг дэмжих, улмаар тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад чухал хувь нэмэр болохыг онцлон тэмдэглэсэн юм.


Монгол Улсын Засгийн газар ДГХБО-ын эрх ашгийг хамгаалах асуудлыг онцгой анхаардаг бөгөөд манай улс ДГХБО-ын бүлгийн дэд дарга, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хамтран даргалагчаар тус тус ажиллаж байна.


НҮБ-ын гишүүн улс орнуудын төлөөлөгчид, бусад оролцогч тал энэхүү өндөр түвшний арга хэмжээний хүрээнд “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулах тогтвортой тээвэр, дэд бүтэц, аялал жуулчлал, эрчим хүч, өрийн тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн тэгш байдал зэрэг асуудлыг чухалчлан хэлэлцэж байна. 

Холбоотой мэдээ