ЗАВХАН: Судалгаагаар Сантмаргаз, Завханмандал сумын бэлчээрийн доройтол 1-3 жилд сэргэх боломжтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-01-30 16:37:09

Улиастай, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд хөрсний доройтол, цөлжилтийн судалгаа, төлөв байдал, тархалтын судалгааг таван сумын 41 цэгт хээрийн судалгаа, хэмжилт, зураглал хийж үр дүнг нь тооцжээ.


Хөрс үгүй бол амьдрал үгүй гэж үздэг. Учир нь хөрстэй байж ургамал ургана. Ургамалтай байж хүчилтөрөгч бий болж хүн, амьтан амьсгалдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд цаг агаарын эрс тэс уур амьсгал, уур амьсгалын өөрчлөлтөөс болж газрын доройтол цөлжилт бий болж байгаа нь харамсалтай.


Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо дэлхийн улс орнууд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өнгөрсөн оны 12 дугаар сард хуралдсан. COP28-ын эхний гурван өдөр дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болж өндөрлөсөн бөгөөд Монгол Улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцжээ.

Ерөнхийлөгч сонгогдсон жилээсээ эхлэн энэ хуралд ач холбогдол өгч, гурван жил өөрийн биеэр оролцож байгаа юм. Учир нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй 10 орны нэг нь Монгол Улс юм.


Сүүлийн  жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврууд Монгол улсад нэмэгдсээр байна. Цаг агаарын эрс тэс уур амьсгал, хэт халалтаас шалтгаалан газрын доройтол, цөлжилт нэмэгджээ. Тодруулбал, Монгол орны газар нутгийн 76.8 хувь нь дунд болон хүчтэй цөлжилтөд өртсөн байна. Хөрсний, биологийн олон янз байдлын доройтлын улмаас манай улс хоёр их наяд төгрөгийн үнэ бүхий хөрсөө алдсан судалгааны дүн гарчээ.

Өнгөрсөн жил Завхан аймгийн хэмжээнд хийсэн хөрсний судалгааны дүн, цаашид анхаарах асуудлаар Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газрын Байгаль орчны шинжилгээний лабораториос тодрууллаа.


2023 онд хөрсний судалгаанд хамрагдсан сумууд

-Өнгөрсөн жил аймгийн таван суманд хөрсний судалгааг хийжээ. Хөрсний талаарх ойлголтыг энгийнээр тайлбарлабал?

-Хөрс үгүй бол амьдрал үгүй гэж үздэг. Хөрс бол экологийн бүрдэл хэсэг болдог. Өөрөөр хэлбэл хөрс үгүй бол мод, ургамал, амьтан, ус гэх мэт бусад бүрэлдэхүүн хэсэг оршин тогтнох боломжгүй. Хөрс нь газар тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл болдог шүү дээ. Хүн төрөлхтний хүнсний 98 хувь нь хөрснөөс бий болдог. Тусгаар тогтнол, эдийн засгийн өндөр ач холбогдолтой зүйл бол хөрс юм.

Хөрс нь морфологи, хими, биологи, физикийн гэсэн шинж чанаруудтай байдаг. Хөрсөнд бүх төрлийн химийн элементүүд байдаг бол бичил биетэн, чийгийн улаан хорхой, тарвага, зурам гэх мэт олон амьтад амьдардаг.

 

Завхан аймгийн хэмжээнд хөрсний доройтол, цөлжилтийн судалгаа, төлөв байдал, тархалтын судалгааг өнгөрсөн жил таван сумын 41 цэгт хээрийн судалгаа, хэмжилт, зураглал хийж үр дүнг нь тооцлоо.

Тодруулж хэлбэл, хөрсний хээрийн судалгаа болон лабораторийн шинжилгээний 13 үзүүлэлтээр 2184 ширхэг дээжний агрохими болон агрофизик шинж чанарыг тодорхойлон хөрсний хэв шинж болон доройтлын үзүүлэлтийг тодорхойлсон юм.

 

Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац гэсэн суманд судалгаа хийсэн цэгүүдээс хамааруулан үзэхэд сумдын механик бүрэлдэхүүний хувьд ихэнх буюу 73.2 хувь нь элсэнцэр, 24.4 хувь нь хөнгөн шавранцар, 2.4 хувь нь холбоот элс байна. Хөрсний ангиллын хувьд сулавтар бэхэжсэн элсэн хөрс болон хүрэн хөрсөнд багтаж байна.




-Бэлчээрийн хөрс, цөлжилт ямар түвшинд байна вэ?

-Эдгээр сумдад бэлчээрийн хөрсний ялзмаг агуулалтын хэмжээг га/ц дэх ургацтай харьцуулан график 5-9-т судалгаа хийсэн сум бүрээр нь үзүүлэв. Графикаас  үзэхэд  хөрсний ялзмаг агуулалт ургац хоорондын хамаарал шууд хамааралтай хэдий ч зарим цэгт урвуу хамааралтай байна.

Шалтгаан нь доройтлыг илэрхийлэгч ургамал давамгайлсан тохиодол байна. Бэлчээрийн хөрсний ялзмаг агуулалт бэлчээрийн ургацад нөлөөлж Дөрвөлжин,  Ургамал,  Завханмандал, Сантмаргаз сумын хэмжээнд бидний судалгаа хийсэн 84 цэгт цайвар хүрэн, гөлтгөнөт бор саарал, цөлөрхөг хээрийн бор, аллювийн нуга намгийн хөрс, хээржүү цөлийн цайвар бор, хүрэн шороон, уулын сул хөгжилтэй, уулын хар хүрэн гэсэн 11 төрлийн хөрсний хэв шинж тархсан.


Ургамалжилтын зураг

Хөрсний үржил шимийн голлох үзүүлэлт болох ялзмагийн хэмжээ 0.5-1.4 хувь, хөрсний ширхгийн бүрэлдэхүүний хувьд элсэнцэр механик бүрэлдэхүүнтэй хөрс 72 хувь, хөнгөн шавранцар хөрс 26 хувийг тус тус эзлэж байсан бол нийт цэгийн 63 хувьд элсэн хучаас 1-26 см хүртэл зузаан үелж тогтсон байгааг тогтоолоо.

Механик бүрэлдэхүүнээрээ хөнгөн шавранцар, элсэнцэр, хөнгөн элсэнцэр, элсэрхэг, шавранцар янз бүр байх боловч хөнгөн бүрэлдэхүүнтэй хөрс зонхилж байна. Элсэнцэр хөрс, дунд зэргийн ба жижиг ширхэгтэй элсэнцэр механик бүрэлдэхүүнтэй хөрс нь салхины элэгдэлд нэрвэгдэмтгий байдаг ба тус бүс нутгийн хөрс нь салхины элэгдэлд өртөж 13 см хүртэлх өндөртэй элс хуримтлагдсан төлөв байдалтай байна.


Өөрөөр хэлбэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын 25.1 хувь, Дөрвөлжин сумын 49.5 хувь, Сантмаргаз сумын 20.2 хувь, Ургамал сумын 52.7 хувь, Завханмандал сумын  9.2 хувь нь тус тус хөрсний доройтолд өртжээ.  



Уур амьсгал, ургамалжилтын нормчилсон үзүүлэлтүүдийн нэгдсэн зураг

Дээрх зургаас үзэхэд, Дөрвөлжин сум хамгийн их хөрсний доройтол, цөлжилт илэрсэн  бол  Ургамал  сум  баруун  хойд  талаараа  хөрсний  доройтол, цөлжилт их илэрсэн байна. Эдгээр суманд цөлжилтийн эрчим 65–67 хувь байхад судалгааны бусад суманд 59-64 хувийн эрчимтэй байна.

Судалгааны үр дүнгээс харахад хиймэл дагуулын МОДИС мэдээний 2000-аас 2022 он хүртэлх 22 жилийн динамик дүн шинжилгээгээр Завхан аймгийн сумдаас Дөрвөлжин, Ургамал, Эрдэнэхайрхан, Завханмандал, Сантмаргац сумын уур амьсгал, зуншлагын төлөв олон жилийн дундаас муу. Дөрвөлжин, Ургамал, Сантмаргац сум уур амьсгал, ургамалжилтын өөрчлөлт ихтэй сумаар эрэмбэлэгдэж байна.


Завханмандал сум

Эдгээр  суманд  хөрсний доройтол, цөлжилтийн  эрчим 59-67 хувь байгаа нь дундаас их цөлжилттэй гэж үзэж болохоор байна.


Цаашид эдгээр сумдын газрын доройтол, цөлжилтийн  асуудалд  уур  амьсгал,  хүний  буруутай  үйл ажиллагааны хүчин зүйл, нөлөөллийг нь нарийвчлан тооцох судалгаанд суурилсан цөлжилтийг бууруулах оновчтой арга аргачлал боловсруулахад судалгааг үргэлжлүүлэн хийж тодотгох шаардлагатай.


-Судалгаа хийсэн нь Завхан аймгийн говийн бүсийн сумд байна. Эдгээр сумдын ургамлын ургалт, бэлчээрийн ургамлын талаарх судалгааг хийсэн байх?

-Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац сумын нутагт нийт 50 цэгт фотомониторингийн аргаар ургамлын бичиглэл хийж мэдээлэл цуглуулсан. Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргац сумын бэлчээрийн ургамалжилтыг бүлгээр ангилбал сийрэг ургамалтай элс, бэлчээр биш, нуур хөндийн нуга, марзлаг бэлчээр, сийрэг ургамалтай чулуурхаг бэлчээр, тэгш тал газрын цөлийн хээр, тэгш талын хээр ба хуурай хээр, уулын цөлийн хээр сийрэг, хээрийн нуга сийрэг бэлчээр байна.



Сантмаргац сум Баяннуур орчим

Тэгш  тал  газрын  цөлийн  хээр буюу-Desert  steppe  in  flat  area  415392.9887  га талбайг буюу нийт хамрагдсан бэлчээрийн талбайн 19.72 хувийг эзэлж байна.

Бэлчээр биш буюу-Nonpasture 330327.3218 га талбайг, нийт хамрагдсан бэлчээрийн талбайн 15.68 хувийг эзэлж байна. Тэгш  талын  хээр  ба  хуурай  хээр буюу-Steppe  and  dry  steppe  in  flat  area 324418.2291 га талбайг, нийт хамрагдсан бэлчээрийн талбайн 15.40 хувийг нь эзэлж байна. Сийрэг ургамалтай чулуурхаг бэлчээр буюу-Stony pasture with sparce vegetation 276068.2829 га талбайг, нийт хамрагдсан бэлчээрийн талбайн 13.1 хувийг нь эзэлж байна. Уулын цөлийн хээр, сийрэг буюу-Mountain desert steppe with sparce vegetation 182363.4127 га талбайг, нийт хамрагдсан бэлчээрийн талбайн 8.66 хувийг нь эзэлж байна.


Гэх мэтчилэн бэлчээр, ургамалжилтын судалгааны үр дүнгээс Завханмандал, Сантмаргаз суманд бэлчээрийн доройтол 1-3 жилд, Дөрвөлжин, Ургамал, Эрдэнэхайрхан суманд 3-5 таван жилд өөрөө сэргэх боломжтой  байна.


Тиймээс бэлчээрийн ургамлыг өөрөө сэргэх боломжоор хангахын тулд бүх талууд үр дүнтэй хамтран ажиллах хэрэгтэй юм.

Бодлого боловсруулагчид, сум орон нутгийн шийдвэр гаргах түвшнийхэн, малчид, иргэд, байгаль хамгаалагчид уугуул нутгийн иргэд гээд бүх талуудын оролцоог хангаж бэлчээрийг сэлгэх, өнжөөх, хашиж хамгаалах, мод, бут тарих гэхчлэн хамгаалалтын ажлуудыг хийх нь чухал юм.


-Судалгаа хийсэн сумдын ургамалжилт, бэлчээрийн доройтолд нөлөөлж байгаа ургамлуудын талаар дэлгэрүүлж хэлж өгөхгүй юу?

-Эрдэнэхайрхан сум нь хагас бэхэжсэн элсэн дээрх хар сульт бэлчээртэй. 

Мухартын гол судалгааны цэгт Хар суль, Монгол азар, Улаан харгана, Бунгийн харгана, Бөндгөр шарилж, Шар шарилж, Нарийн навчит Хөвөнт, Хулганын Гиш нийт 9 зүйл ургамал ургаж соргог төлөв байдалтай байна.  

Харин Мухартын голын хөрс доройтсон төлөв байдалд навтуул гичгэнэ, адамсын шарилж Artemisia Adamsii Bess, үмхий шимэлдэг Амманы сэдэргэнэ. Шоргор Лууль, Өргөст Бударгана, Толгодын бударгана Ээрмэг шарилж буюу Царван доройтлыг илэрхийлэгч нийт 10 зүйл зэрэг ургамал ургаж байгаа нь тухайн бэлчээр доройтсоныг илэрхийлж байна.

 

Дөрвөлжин сум нь элсэнцэр хөрстэй тал газрын сөөг-таана-үетэн-өдлөг хялганат цөлийн хээрийн бэлчээртэй. Говийн болон Сайрын хялгана, Зүүнгарын хазаар өвс, Таана, Улаан харгана, Одой харгана, Орог тэсэг, Шар хотир нийт 8 зүйл ургамал ургаж соргог төлөв байдалтай байна.

Зуслангийн цэгүүд нь доройтсон төлөв байдалд Таана, Толгодын  бударгана,  Шоргор  лууль,  Шүлхий  шарилж,  Ямаан шарилж,  Бага  хургалж, Амманийн сэдэргэнэ, Адамсын шарилж ургаж зарим судалгааны цэгүүдэд нэг ч зүйл ургамал ургаагүй цэгүүд байсан.

 

Ургамал сум нь элсэнцэр хөрстэй тал газрын сөөг-таана-үетэн-өдлөг хялганат цөлийн хээрийн бэлчээр соргог төлөв байдалтай.

Говийн болон Сайрын хялгана, Клеменцийн хялгана, Зүүнгарын хазаар өвс, Улаан харгана, Одой харгана, Орог тэсэг, Шар хотир, Агь, Хуурайсаг шарилж, Таана гэхчлэн 11 зүйл  ургамал ургаж байна. Тус сумын доройтсон төлөв байдал нь голын татмын Алаг өвс-үетэнт нугын бэлчээр нь хуурайшиж доройтсон төлөв байдалтай. Ширэг улалж Галуун гичгэнэ, Имт гичгэнэ, Салбант шарилж Нангиад түнгэ зэрэг дөрвөн зүйл ургамал ургаж байна.



Сантмаргац сум нь хөнгөн шавранцар хөрстэй уулын хажуу, цав толгодын Үетэн- крыловын хялганат хуурай хээрийн бэлчээр соргог төлөв байдалтай.

Крыловын хялгана, Дэрвээн  хазаар  өвс, Саман ерхөг, Нангиад түнгэ, Дэрвээн дааган сүүл, Жижиг навчит харгана, Нарийн навчит харгана зэрэг үндсэн зохилогч ургамлууд ургаж байгаа нь соргог төлөв байдлыг илэрхийлж байна.

 

Завханмандал сум нь элсэнцэр хөрстэй ухаа гүвээт тал газрын харгана бүхий үетэн-крыловын хялганат хуурай хээрийн бэлчээртэй, бага зэрэг доройтсон төлөв байдалтай. Саман ерхөг, Крыловын хялгана, Зүүнгарын хазаар өвс Ширэг өвслөг, Нарийн навчит харгана, Дагуур  хатны  цэцэг, Монгол  сонгино,  хөмөл,  Шивлээхэй  зээргэнэ, Агь гэхчлэн 10 орчим зүйл ургамал ургаж байна.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ