Их Британийн олон компани Оросын эсрэг хоригийг зөрчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-07 17:20:50

ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын /VoA/. Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн гэдгээ Их Британийн 127 компани сайн дураараа эрх баригчдад мэдэгдсэн гэж Financial Times сонинд мэдээлжээ.


Их Британийн Сангийн яамны мэдээлснээр, зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллаж эхэлсэн бүх компанид ногдуулсан торгуулийн хэмжээг Британийн эрх баригчид багасгажээ. Тухайлбал, Шотландын "Future Technology Devices International" (FTDI) компани гэхэд, нэг жилийн дотор Орост 280 гаруй мянган ам.долларын үнэтэй хагас дамжуулагч, бичил чип борлуулсан байна. Тус компанийн бүтээгдэхүүнийг 2022 оны гуравдугаар сард Киев мужийн Бровары дүүрэгт сөнөөсөн Оросын танкнаас олсон тухай Эрмак-Макфол группын судлаачид болон Киевийн Эдийн засгийн сургуулийн шинжээчид мэдээлжээ.


Уг бүтээгдэхүүнийг нийлүүлсэн нь Их Британи улс Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг шууд зөрчсөн хэрэг биш гэж Financial Times сонинд тэмдэглэжээ. FTDI компанийн бүтээгдэхүүнүүд нь АНУ, Их Британи, Япон болон Европын Комиссоос хамтран гаргасан давхар зориулалттай бараа, технологийн жагсаалтад багтсан байна. Их Британийн банк экспортын төлбөрийг шилжүүлэхээс татгалзсаны дараа тус компани Оросын талтай худалдаа хийхээ зогсоосон тухай The Times сонинд бичжээ.


Өмнө нь The Insider сэтгүүлд, Оросын армид бичил схем, сум, зэвсэг болон бусад цэргийн зориулалттай бүтээгдэхүүн нийлүүлж буй Оросын компаниудад бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг Герман, Франц, Швейцарь, Унгар, Словак, Итали, Эстони, Литва, Австри, Польш зэрэг улсуудын 25 компанийг нэрлэж байсан юм. Түүнчлэн "Кинжал" пуужин үйлдвэрлэдэг компаниуд Европын хоригт хамрагдаагүй хэвээр байгаа бөгөөд тус холбооны гишүүн улсуудаас пуужин үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эд ангиудыг импортолсоор байгааг тус сонины сэтгүүлчид олж илрүүлсэн байна.


Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш Их Британи улс Оросын 1600 гаруй хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг хориг арга хэмжээ авсан ба Оросын 100 гаруй олигарх, 20 банктай хамтран ажиллаж байсан Британийн компаниудын үйл ажиллагаанд хориг тавьсан байна.

Холбоотой мэдээ