Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-24 16:08:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталлаа. 


Хуульд иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдпыг тодорхой болгож, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэх заалт тусгасан байна. Мөн сум дүүрэг нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ.


Харин аймаг нь сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохын зэрэгцээ Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сум хоорондын асуудлыг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих чиглэл давамгайлсан чиг үүрэгтэй нэгж байхаар тодорхойлох зарчмыг тусгажээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг улс төрөөс ангид байлгах зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа намын бүлгээр бус Байнгын болон Түр хороо, Ажлын баг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулжээ. Сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад Хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулсан байна.


Орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болгох чиглэлээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг тухайн нэгжид хуулиар хуваарилах зарчмыг тусгаж, Татварын ерөнхий хуулийн 7.2.15-д заасан татварын орлогыг орон нутагт бүрэн үлдээхээр зохицуулжээ. 


Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг огцруулах үндэслэл, журмыг Үндсэн хуульд нийцүүлэн “томилох" гэсэн агуулгаар гүнзгийрүүлэн зохицуулжээ. Ингэхдээ төрийн бодлогын, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга (Ерөнхий сайд)-ын өмнө хариуцлага хүлээх зарчмын дагуу огцруулах асуудлыг дээд шатны Засаг дарга, (Ерөнхий сайд) шууд шийдвэрлэж байхаар тусгасан байна.

Холбоотой мэдээ