Он гарсаар 271 гэмт хэрэг бүртгэгдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 13:04:50

Увс аймагт оны эхний 9 сард гарсан гэмт хэргийн дийлэнх хувь нь Улаангом суманд үйлдэгдсэн бөгөөд нийтдээ 271 тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг 115, өмчийн хулгай 100 гарчээ. Гэмт хэргийн гаралт Завхан, Тариалан, Наранбулаг, Сагил, Зүүнхангай, Зүүнговь,  Малчин, Улаангом сумдад буурсан бол бусад сумдад өссөн байна.

Гэмт хэрэгт 271 хүн холбогдон шалгагдсаны 16 нь эмэгтэйчүүд байжээ. Гэмт хэргийн улмаас 284 иргэн, байгууллагад 473.4 сая төгрөгийн хохирол учирсан байна. Иргэд байгууллагад учруулсан нийт хохирлын 71.1 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэргийн улмаас 143 хүн гэмтэж, 11 хүн нас барсан ба хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үед 234 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн 12.2 хувь нь гудамж талбайд, 29.5 хувь нь согтуугаар, 5.2 хувь нь бүлэглэж үйлдэгджээ.

“Сум дундын шүүхээр 113 гэмт хэрэгт 165 хүн ял шийтгүүлснээс таслуулсан гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 29.9, шийтгүүлсэн хүний тоо 43.5  хувиар өссөн” хэмээн Увс аймгийн Шүүхийн тамгын газраас манайд мэдээллээ.

Зээлийн хэмжээ буурчээ

Увс аймаг дахь арилжааны банкууд оны эхний 9 сарын байдлаар 64.3 мянган зээлдэгчид 115.5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.

Үүнээс лизингийн зээл 2.5 хувь, хадгаламж барьцаалсан зээл 14 хувь, малчны зээл 16.6 хувь, бизнесийн зээл 20.3 хувь, орон сууц, хашаа байшингийн зээл 8.3 хувь, цалингийн  зээл 19.4 хувь, тэтгэврийн зээл 12.9 хувийг тус тус эзэлж байгаа аж. Олгосон зээлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зээлдэгчдийн тоо 12.3 хувиар өссөн бол зээлийн хэмжээ 7.6 хувиар буурсан байна.

Зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээгээр Хаан, Хас банк тэргүүлж байгаа бөгөөд тэдгээрийн зээлийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 79.8 хувьтай тэнцэж байгаа аж.

Увс аймаг Б.Батхүү

 

関連ニュース