ДОРНОГОВЬ: "Саран хөхөө" театрын 45 жилийн ой тохиолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дорноговь
аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага “Саран хөхөө” театр үүсэн
байгуулагдсаны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Говийн тавдугаар дүрийн ноён
хутагт Лувсанданзанравжаа 1832 онд нүүдэлчдийн театрыг анхлан үндэслэснээс хойш Монголын театрын урлагийн түүхэн он жилийг
тооцдог байна.
Дорноговь аймаг 1931 онд байгуулагдсаны дараа аймгийн Яам /одоогийн ЗДТГ/-аас нэр бүхий хэдэн хүнд нэг гэр өгч "Улаан гэр" хэмээх байгууллага байгуулж байжээ. Дорноговь аймгийн яамны шийдвэрээр аймгийн клуб болон үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин уран бүтээл нь чанаржиж ирсэн бөгөөд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв хорооны 1958 оны нэгдүгээр сарын 22-ны тогтоолоор тус аймгийн клуб нь Соёлын ордон болон бүтэц бүрэлдэхүүний хувьд өргөжсөн байна. Соёлын ордны анхны даргаар аймгийн Клубийн дууны багшаар ажиллаж байсан Д.Лувсанням, найруулагчаар н.Пунцаг нар ажиллаж байв.
Харин 1979 онд МАХН -ын Төв хорооны Улс төрийн товчооны 351 дүгээр тогтоолоор Дорноговь аймагт Хөгжимт драмын театр байгуулах шийдвэр гарч 1980 оны 12 дугаар сарын 27-нд “Учиртай гурван толгой” дууриар нээлтээ хийжээ. Энэ үед хөгжим, бүжиг, найрал дуу, драмын ангиудад 76 уран бүтээлч, захиргаа аж ахуй ангид 29, нийт 105 хүний орон тоотой болон өргөжиж, театрын анхны даргаар Д.Болд, найруулагчаар С.Сугар, хөгжмийн багшаар Д.Нацагдорж, бүжгийн багшаар Л.Ухна, найрал дууны багшаар Л.Буянхишигт, зураачаар Б.Гүрбазар нар томилогдон ажилласан байна.
Ийнхүү тус театр нь Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Соёл урлагийн Хөгжлийн хорооны даргын 1991 оны 111 дүгээр тушаалаар “Саран хөхөө” театр нэртэй болж, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 151 дүгээр тогтоолоор соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит театр болсон юм.
Өнөөдөр тус театр 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй захиргаа, үйлдвэрлэл үйлчилгээ техникийн анги, дуу, хөгжим, бүжиг, драм гэсэн уран бүтээлийн таван ангитай ажиллаж байна. Түүхт 45 жилийн ойн баярын хурал энэ оны 11 дүгээр сарын 7-нд болж, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Хүдэрчулуун, үе үеийн театрын дарга нарын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэж, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан уран бүтээлч, албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагнажээ.
Ойн баярын үйл ажиллагааны хүрээнд “Саран хөхөө” театрын 45 жилийн түүхийг нэгэн тайзнаа буулгасан “Гурван үеийн гайхамшиг” үе үеийн уран бүтээлчдийн хамтарсан хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулжээ.

Ulaanbaatar