АНУ-ын засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг баталж чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-10 10:16:47

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 10 /TASS/. АНУ-ын Сенатын танхим засгийн газрын санхүүжилтийг сунгах тухай Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын хоёр хуулийн төслийг долоо дахь удаагаа баталж чадсангүй. 


Өчигдөр болсон санал хураалтаар Ардчилсан намаас өргөн барьсан хуулийн төслийг Сенатын гишүүдийн 47 нь дэмжиж, 50 нь эсэргүүцжээ. Харин Бүгд Найрамдах намаас боловсруулж, Төлөөлөгчдийн танхимаар өмнө нь батлагдсан хуулийн төсөл 60 саналыг авч чадаагүй байна. 


Санхүүжилт байхгүйн улмаас АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа аравдугаар сарын 1-нээс хэсэгчилсэн зогсоод (шатдаун) байгаа юм. Эрх баригч Бүгд найрамдах нам болон сөрөг хүчний Ардчилсан намын Конгресс дахь төлөөлөгчид зарим зардалтай холбоотой заалт, тэр дундаа эрүүл мэндийн салбарын зардлын талаар санал нэгдэж чадаагүйгээс үүдэн засгийн газрын үйл ажиллагаа түр зогсжээ. Талууд одоо ч тохиролцоонд хүрч чадаагүй байгаа бөгөөд харилцан бие биеэ буруутгасаар байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп аравдугаар сарын 7-нд хэлэхдээ, шатдаунтай холбоотойгоор засгийн газрын агентлагуудын ажилтнуудыг олноор нь цомхотгох, ажлаас чөлөөлөх, мөн зарим хөтөлбөрийг зогсоож магадгүй гэж мэдэгджээ. Тэрбээр мөн санхүүжилтийг сунгасан ч гэсэн зарим ажилтны цалинг нөхөж олгохгүй байхыг үгүйсгээгүй байна.


АНУ-ын хууль тогтоомжийн дагуу, үндэсний аюугүй байдал, гадаад бодлогын үйл ажиллагаа хариуцсан яамд, байгууллагууд санхүүжилт зогссон ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг. Мөн “амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй” төрийн албан хаагчдад ижил шаардлага тавигддаг. Ийм нөхцөлд ажиллахаас өөр аргагүй болсон төрийн албан хаагчид цалин авдаггүй боловч санхүүжилтийн асуудал шийдэгдсэний дараа нөхөн олгодог аж.

関連ニュース