Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-07 14:28:13

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавив.

 

Тэрбээр, нэгдүгээрт Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны есдүгээр сарын 30-нд олон нийтэд мэдэгдэл хийхдээ өөрийн “онцгой бүрэн эрхийнхээ” дагуу “Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нэр бүхий гишүүнийг томиллоо” гэж албан ёсны цахим хуудастаа нийтэлсэн. Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэхээс өмнө УИХ болон Ерөнхийлөгч танилцах бүрэн эрхтэй байна. Нөгөө талаар томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргахаасаа өмнө УИХ-д болон Ерөнхийлөгчид танилцуулах үүргийг Үндсэн хуулиар Ерөнхий сайдад хүлээлгэжээ.

 

Үндсэн хууль, аливаа хуулийн “үг өгүүлбэр төдийгүй цэг таслал нь хүртэл утгын нарийн уялдаатай.” Үндсэн хуулийг жижгээр зөрчих, томоор зөрчих гэдэг ойлголт үгүй бөгөөд бүгд Үндсэн хуулийн зөрчилд хамаардаг. Иймд Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг Ерөнхий сайд зөрчсөн үйлдэл гэж үзэж байна хэмээн танилцууллаа.

 

Хоёрдугаарт Ерөнхий сайд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож үл болно”, 49.2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг тус тус зөрчиж, Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэсэн.

 

Гуравдугаарт Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 20-нд баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа АМНАТ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулсан. Ингэснээр тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болоод байна.

 

“Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Үндсэн хуульд ёсыг хамгаалж, төлөөллийн, хууль тогтоох дээд байгууллага болох парламентын дархлааг бэхжүүлэх нь УИХ-ын гишүүдийн үүрэг юм.

 

Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

 

関連ニュース