Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-06 17:04:42

ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулснаасаа хойш хэдхэн цагийн дараа огцорчээ. Холбоотнууд болон эсэргүүцэгчид нь засгийн газрыг нь унагана гэж сүрдүүлсний дараа тэрбээр даваа гарагт огцорсон байна


С.Лекорнюгийн огцрох шийдвэр нь гэнэтийн бөгөөд урьд өмнө тохиолдож байгаагүй явдал байсан бөгөөд Францын улс төрийн хямрал улам гүнзгийрч байгааг харуулж байна. Түүнийг огцрох тухай мэдээ цацагдсаны дараа Францын хувьцаанууд болон еврогийн ханш огцом унажээ


Ерөнхийлөгч Эммануэл Макроны ойрын хамтран зүтгэгч С.Лекорню олон долоо хоногийн турш улс төрийн намуудтай зөвлөлдсөний эцэст ням гарагт засгийн газраа эмхлэн байгуулсан бөгөөд шинэ Засгийн газар даваа гаргийн үдээс хойш анхны хуралдаанаа хийхээр төлөвлөж байсан юм.


Гэвч Франц улс төрийн гүн хямралд автаж, хуваагдмал парламентад аль нэг нам олонх болж чадаагүй энэ үед танилцуулсан Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн өрсөлдөгчид болон холбоотнуудын дургүйцлийг хүргэсэн байна. Тэд шинэ бүрэлдэхүүнийг хэтэрхий барууныг баримталсан, мөн хангалтгүй гэж үзсэнээр засгийн газар хэр удаан оршин тогтнох бол гэсэн асуулт урган гарчээ.


С.Лекорню даваа гаргийн өглөө огцрох өргөдлөө Э.Макронд өгсөн байна. “Ноён Себастьен Лекорню Засгийн газраа огцруулах хүсэлтээ Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч түүнийг хүлээн авсан гэж Елисейн ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ. 


2022 онд Э.Макрон улиран сонгогдсон хэдий ч парламентад аль нэг нам, бүлэг олонх болж чадаагүйгээс хойш Францын улс төр тогтворгүй болоод байгаа юм. Э.Макрон өнгөрсөн онд парламентын ээлжит бус сонгууль зарлах шийдвэр гаргасан нь хямралыг улам гүнзгийрүүлж, парламент дахь хуваагдлыг улам гүнзгийрүүлжээ. Өнгөрсөн сард томилогдсон С.Лекорню бол сүүлийн хоёр жилийн хугацаанд Э.Макроны томилсон тав дахь Ерөнхий сайд болсон юм.

関連ニュース