Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136 @gmail.com
2025-10-05 10:53:03

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Говь-Алтай аймгийн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх тул цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын аюултай үзэгдлээс малчид, тээвэрчид, тариаланчдад сэрэмжлүүлэв.


Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа.


2025 оны 10 дугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.


Энэ сарын 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.

関連ニュース