ӨВӨРХАНГАЙ: Ахмадуудын дунд зохион байгуулж байгаа урлаг, спортын наадам эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ахмадын баярын өдрийн тохиолдуулан аймгийн ахмад настнуудын дунд урлаг, спортын наадмыг зохион байгуулж байна.
Ахмад настны хуулийн хэрэгжилтийг хангаж, аймгийн ахмад настнуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэх, бүх нийтийн биеийн тамир, авъяас чадварыг дэмжих зорилгоор зохион байгуулж буй урлаг, спортын наадамд 19 сумаас шалгарсан ахмадууд оролцож байна.
Тодруулбал, уртын дуу, үндэсний хөөмий, язгуур урлаг, харилцаа дуу, ерөөл магтаал, бие биелгээ, зохиолын дуу, хошин шог шүлэг, найрал дуу зэрэг урлагийн есөн төрөлд 200 гаруй уран сайханч оролцож, авъяас чадвараараа өрсөлдөнө. Мөн шатар, софт волейбол, ширээний теннис, шагайн харваа, гранд гольф, дартс зэрэг спортын зургаан төрөлд 96 тамирчин хурд хүчээ сорьж байна.
Ташрамд, Өвөрхангай аймаг 14800 гаруй ахмад настантайгаас 70 хувь нь эмэгтэйчүүд юм.