Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-29 10:47:37

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжавын дурсгалын талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр нээж, хөшөөг нь босголоо. 


Нээлтийн үеэр "Шаравын Сүрэнжав" сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Лүндэг хэлэхдээ, “Дөрвөн жилийн өмнө Шаравын Сүрэнжав санг үүсгэн байгуулан энэхүү дурсгалын цогцолбор барих ажлыг эхлүүлэхээр зорьж байсан бол ийнхүү биеллээ оллоо. Энэхүү цогцолбор талбайд утга уран зохиол, яруу найрагт дуртай хэн бүхэн ирж ном уншдаг, номынхоо нээлтийг хийдэг дурсгалын талбай байгаасай гэж хүсэж байгуулсан. Хүрэлцэн ирсэн бүх хүнд талархал илэрхийлье. Та бүхэн маань дуртай үедээ ирж, энд сууж, амарч шүлэг найргаа бичиж байгаарай гэж хүсье” хэмээв.


Шаравын Сүрэнжавын дурсгалын талбайд их яруу найрагчийн “Би тэнгэрийн хүү”, “Нэр”, “Ээж минь”, “Амьдрал минь, би чамд хайртай”, “Бүсгүйчүүл”, “Миний нутгийн бараа”, “Намуун үдэш”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Арав дахь хавраа үдье”, “Нэрээр хийсэн шүлэг”, “Дөрвөн мөрт” зэрэг олон сайхан бүтээлийг уншиж танилцах боломж бүрдүүлжээ.


Гурван метр өндөр, хүрэл гэрэлт хөшөөг Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан болон нэрт соён гэгээрүүлэгч Б.Ренчин агсны ач хүү, уран барималч Б.Дэнзэн нар урлажээ.


Ш.Сүрэнжавын дурсгалын талбай, хөшөөний нээлтэд их найрагчийн үр хүүхдүүдээс гадна үе үеийн зохиолч, найрагчид нэгэн дор цуглаж түүнд хүндэтгэл илэрхийлэн, шилдэг бүтээлүүдээс нь уншиж сонирхуулсан юм.  


Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав “Ерэн баатрын дууль”, “Багш”, “Би тэнгэрийн хүү”, “Миний Монгол”, “Ард Монгол”, “Гар” зэрэг иргэний утга уянгын шүлэг найраглал хийгээд “Хэрлэнгийн барьяа” роман, “Амьд явбал нэгийг үзнэ”, “Мартаж болшгүй он жилүүд”, “Долгионт жилүүдийн туужис” зэрэг эсээ дурсамж бичсэн бол эрийн гурван наадмын тухай өгүүлсэн кино зохиолоор нь “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран сайхны кино бүтээжээ.


Их найрагчийн “Ерэн баатрын тууль”, “Багш”, “Би тэнгэрийн хүү”, “Миний Монгол”, “Ард Монгол”, “Гар” зэрэг иргэний утга уянгын олон зуун шүлэг, найраглал төдийгүй, “Хэрлэнгийн барьяа” роман, “Нутгийн цэнхэр уулс”, “Хөх тэнгэрийн хур”, “Дуулганд ургасан цэцэг”, “Онгодын цагаан хүлэг” тэргүүтэй яруу найргийн түүвэр, “Амьд явбал нэгийг үзнэ”, “Мартаж болшгүй он жилүүд”, “Долгионт жилүүдийн туужис” зэрэг эсээ дурсамжийн номоороо монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн юм.


Мөн их найрагчийн шүлгээр бүтсэн “Арав дахь хавраа үдье”, “Намуун үдэш”, “Миний нутгийн бараа”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Итгэлийн дуу”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Бүсгүйчүүд”, “Тольтой мөнгөн эмээл”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Малчин ааваа магтан дуулъя”, “Хэрвээ би эр хүн бол доо…”, “Миний ном”, “Сайн уу, муу юу, аль нь вэ хө?” зэрэг олон арван дуу монгол түмний зүрх сэтгэлийн хойморт үргэлжлэн эгшиглэсээр байна.












関連ニュース