БАЯНХОНГОР: Онцгой байдлын газрын алба хаагчид газар орныг үнэлэх ур чадвараа дээшлүүллээ
ФОТО МЭДЭЭ
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар Богд сумын Их богд ууланд "Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа"-ны дадлага сургуулилалт зохион байгууллаа.
Дадлага сургалтыг нээж Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, "Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах үндэс нь тухай газар орныг судлах, зам маршрут тогтоох, объектын газар зүйн байршлыг мэддэг байх шаардлагатай"-г онцолж, алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, идэвхтэй оролцох үүрэг өгсөн юм.
Мөн үеэр Агуйгаас эрэн хайх ажиллагаа, Өндөр уулаас эрэн хайх, аврах ажиллагааны онцлог, Өндөр уулаас эрэн хайх, аврах ажиллагааны үе шат, Сансрын холбооны гар утас ашиглах, байршил тогтоох багажийг ажиллуулах, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх тухай сэдвүүдээр танхимын сургалтад хамрагдаж, уулын дадлагаар Их богд уулын Оюу, Номин нуур, Цонж оргилд очих зам, маршрут тодорхойлох, тэмдэгтэд хүрэх хугацааг тогтоох, алхалтыг аюулгүй ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, газар орныг үнэлэх ур чадвараа дээшлүүллээ.
Сургуулилалтыг Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Мягмарсүрэн удирдаж Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбар, Баянхонгор, Баянцагаан, Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн аврагч 30 албан хаагч оролцов.










