Их Британид гурван хүний ДНХ бүхий хүүхдүүд мэндэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-07-18 15:24:43

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 18 /Sky News/. Их Британид митохондрийн донорын эмчилгээний аргаар эцэг эхийнхээ генийн материалаас гадна гуравдагч хүн болох донорын ДНХ бүхий найман хүүхэд мэндэлжээ.


Эд эсүүдийг эрчим хүчээр хангах үүрэг бүхий эсийн бүтцийн нэг хэсэг болох митохондрийн мутациас үүдэлтэй удамшлын хүнд хэлбэрийн өвчнөөс сэргийлэх зорилгоор энэхүү аргыг боловсруулсан байна. Энэ арга нь ийм өвчнийг дамжуулах өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд эрүүл эмэгтэйн митохондрийг ашиглан эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг олгох юм. Гэмтэлтэй митохондриуд нь зөвхөн эхийн генээр дамждаг тул зөвхөн эмэгтэй доноруудын ДНХ-г ашигладаг ажээ. 


Тодруулбал, нөхөн үржихүйн эмч нар гэмтсэн митохондри бүхий өндгөн эсээс генийн материал бүхий цөмийг гаргаж аваад, өмнө нь цөмийг нь гаргаж авсан, эрүүл донор эмэгтэйн өндгөн эсэд шилжүүлэн суулгана. Ингэснээр уг өвчнийг тээж буй мутацлагдсан генүүд эхийн анхны өндгөн эсэд үлдэж, өвчин удамшихаас сэргийлдэг байна. 


Энэхүү эмчилгээнд оролцсон 22 эмэгтэйгээс долоо нь жирэмсэлж, нийт найман хүүхэд (дөрвөн охин, дөрвөн хүү-хоёр нь ихэр) төрүүлсэн байна. Таван хүүхдэд өвчний шинж тэмдэг илрээгүй бол гуравт нь мутацид орсон митохондрийн багахан хувь илэрчээ. Бүх хүүхэд эмчийн хяналтад байгаа аж.


Эр эм бэлгийн эсүүд дэх митохондри нь өөрийн гэсэн ДНХ-тэй байдаг тул зохиомлоор тогтоосон үр хөврөл нь эцэг эхийн генийн материалаас гадна өөр эмэгтэйн эрүүл митохондр бүхий ДНХ-тэй байх бөгөөд хүүхэд эцэг эхийнхээ ДНХ-ийн 99.8 хувийг, донорын 37 орчим генийг (0.2 хувиас бага) өвлөдөг ажээ.


Их Британийн парламент гурван хүний ДНХ-ийн дээжийг ашиглан зохиомлоор үр тогтоохыг зөвшөөрөх тухай хуулийн төслийг 2015 онд эцэслэн баталсан байна. Ингэснээр Их Британи ийм аргыг нэвтрүүлсэн анхны орон болсон. Тус улсад 5000 орчим хүүхэд тутмын нэг нь митохондрийн өвчтэй төрдөг. 


Тус улсад гурван хүний ДНХ-тэй хүүхэд төрсөн анхны тохиолдол энэ биш юм. 2023 оны тавдугаар сард ийм хүүхдүүд төрсөн талаар "The Guardian" сонин мэдээлж байжээ.

関連ニュース