Ардын хувьсгалын 104 жилийн ой болон наадмын дараах наадмуудтай долоодугаар сарын барилдаан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-30 10:29:46

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос долоодугаар сард зохион байгуулах онцлох томоохон бөхийн барилдааныг үзэгчдэд зарлав.


Долоодугаар сард 21 аймаг, гурван дүүрэг болон бүсийн даншиг наадмууд бий. Түүнчлэн 330 сумын наадмын барилдаан болно. Эдгээрээс МҮБХ таван барилдааныг онцолсон бөгөөд эдгээр нь бай шагнал өндөр гэдгээрээ бөх сонирхогчдын анхаарлыг татаж байгаа юм.


Эхнийх нь Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан. Бөхийн дэвжээд энэ өдрүүдэд наадмын сорилгоо хийж, цол горилж яваа бөхчүүд өнгөрсөн жилийн алдаа, оноогоо дүгнэж байна. Тэгвэл долоодугаар сарын 13-нд Хүй долоон худагт уламжлал ёсоороо Уяачдын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болно. Тус барилдааны үеэр Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгохоос гадна орон нутгийн зөвлөлөөс түрүү, үзүүрийн бөхчүүдээ урамшуулдаг билээ.


Харин Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн баяр наадам Хүй долоон худагт долоодугаар сарын 19-нд болно. Энэ үеэр улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан зохион байгуулах бөгөөд түрүү бөхийг автомашинаар байлах аж. Үзүүрлэсэн бөх 30, их шөвөгт шалгарвал 10 сая төгрөг гардана.


Үүнээс гадна долоодугаар сарын 26, 27-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдааныг зохион байгуулах тов гарчээ. Тус барилдааны түрүү бөх “Тоёота Ланд Крузер-300” маркийн автомашин хөлөглөнө.


Түүнчлэн долоодугаар сарын 29, 30-нд Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадамд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан Улаангом хотод болно. Бай шагналаараа бөх сонирхогчид болон бөхчүүдийн анхаарлыг татсан энэхүү барилдаанд түрүүлбэл “Лексус 600” маркийн автомашин гардах бол үзүүрлэсэн нь хоёр өрөө байртай гэртээ харина.

関連ニュース