СҮХБААТАР: Дарьганга зуслангийн шугам сүлжээний ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-23 17:50:07

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дарьганга хүүхдийн зусланг улсын төсвийн 2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар шугам, сүлжээг шинээр тавих ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

 

Тус ажлыгПрофэйшнл консракшн сервисХХК гүйцэтгэж байгаа бөгөөд гэрээнд заасан хугацааны дагуу гүйцэтгэж байна. Гагцхүү хөрсний ус байнга гарч байгаа нь ажил удаашрах нэг шалтгаан болж байна. Тиймээс тавьсан шугамуудаа дээш өндөрлөх ажлыг дахин хийж байгаа тухай гүйцэтгэгч талаас мэдээллээ.

 

Харин зулангийн дөрвөн бүлгийн 20 ортой барилгыг шинээр барих ажлыг "Монсекон" ХХК тендерт шалгарч авсан ч ажил нь зогсоод хэдэн жил өнгөрчээ. Тодруулбал, ажил эхлээд удаагүй байхад дэлхий нийтээр цар тахал гарч, хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэлтэйгээр гүйцэтгэлийн үнэлгээнд өөрчлөлт орж, захиалагч болон гүйцэтгэгч талын хооронд санхүүтэй холбоотой маргаан гарсан байдаг.

 

Энэ талаар аймгийн ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн дарга Г.Мөнхзаяа хэлэхдээ, өнгөрсөн сард Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, ЗДТГ-ын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд зуслангийн газар дээр нь очиж ажлын гүйцэтгэл бусад нөхцөл байдалтай танилцсан. Барилгын ажлыг гүйцэтгэж буй компанийн удирдлагуудыг ч дуудаж уулзаж, ярилцсан. Аймгийн зүгээс "Монсекон" компанид хариуцлага тооцож, байгуулсан гэрээгээ цуцалж, гарсан хөрөнгийг буцаан төлүүлэх болсноо мэдэгдсэн. Энэ асуудал бүрэн шийдэгдэж, төлбөр мөнгө орж ирсэн даруйд дахин тендер зарлаж, барилга барих компаниа сонгоно. Тиймээс дахиад ч цаг хугацаа шаардагдана гэлээ.

 

関連ニュース