“С.Дашдооров” эрдэм шинжлэлийн уралдааны шилдгүүд шагналаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-04 15:53:25

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “С.Дашдооров” эрдэм шинжлэлийн улсын II уралдааны шилдгүүдийг тодруулж, шагналыг нь гардууллаа.


ССАЖЗЯ, Боловсролын яам, Үндэсний номын сан, С.Дашдооров сан хамтран зохион байгуулсан уралдаанд 27 судлаач, сэтгүүлч, эмч, багш, оюутан залуус бүтээлээ ирүүлжээ. Үүнээс тэргүүн байрт МУБИС-ийн багш, доктор Г.Батсуурь "Сормууниршийн Дашдооров ба монгол менталитет", хоёрдугаар байрт Ховд их сургуулийн багш доктор Д.Өрнөхдэлгэр "Дашдооровын яруу найргийг дахин мэдрэхүй", гуравдугаар байрт Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан, доктор Б.Мөнх-Эрдэнэ "С.Дашдооровын хүүрнэл зохиол дахь монгол үндэстний менталитет сэтгэлгээг шинжлэхүй" бүтээл шалгарав. Тусгай шагналыг Г.Батжавхлан "Могой ба Шаазгай, "Үрт амьтан" дахь археотип чанар", Б.Маралгуа "Зохиолч С.Дашдооровын арван үлгэрийн анхны "Алтан хараацай" шүлгэн үлгэрт хийсэн задлан шинжлэлээр хүртлээ. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг эмхэтгэн хэвлүүлэх аж.



Уралдаан нь зөвхөн С.Дашдооровын 90 насны ой тэмдэглэх төдий бус түүний амьдрал, уран бүтээлийн онцлогууд, монголын утга зохиолд оруулсан баялаг намтар түүхийг судалж, Ардын Уран зохиолч гэдэг ямар энтэй, алсын цараатай байдгийг мэдрүүллээ хэмээн Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо шагнал гардуулах ёслолыг нээж үг хэлэхдээ онцолсон юм.


С.Дашдооров бол шүлэг, өгүүллэг, тууж, роман, найраглал, жүжиг, кино, дуурь зэрэг уран зохиолын бүх хэлбэрээр туурвиж, монголын уран зохиолд тод мөрөө үлдээсэн, тэр тусмаа нүүдэлчин ахуй соёл, говь нутгийнхны амьдралын хэв маяг, өв уламжлалыг зохиол бүтээлдээ тусгасан уран зохиолчдын гол төлөөлөл гэдгийг ССАЖЗЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн тодотгов. Тэрбээр ССАЖЗЯ нь энэ уралдаанаар дамжуулан монголын утга зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэх, зохиолчийн уран бүтээлийн онцлогийг хойч үеийнхэнд таниулах, оюутан залуусын ур чадварыг дээшлүүлэхийг зорьсныг дурдлаа.


Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын судлаач шүүмжлэгч, нийтлэлч, зохиолч, доктор, профессор, шүүгч Д.Цэнджав энэ үеэр, “Уралдааныг шүүхдээ XI зууны үеийн судлал шүүмжлэл ямар байх, өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог гэдэгт анхаарсан. Ингэхдээ шинэлэг байдал, өвөрмөц, үндэсний онцлог, уран сайхны нээлт, үнэт зүйлс, цар хүрээ, мөн уран зохиолын онол, хэлний арга зүй, хэллэгийг хэрхэн ашигласныг харгалзан, шүүгчид оноогоор нэг бүрчлэн үнэлж, саналаа солилцсон. С.Дашдооровын зохиол бүтээл нь монгол хүний сэтгэлгээ, сэтгэмж, бодол, мэдрэмж, сэрэл, ахуй амьдралыг цусанд нь байгаа шинж чанараар гаргаж, өвөг дээдэс, газар шороо, эх орон, хүнээ хайрлах унаган чанарыг харуулсан байдаг. Зохиол бүтээлд нь социалист нийгмийн үеийн намын үзэл суртал өчүүхэн ч наалдаагүйгээрээ онцлог. Зохиолч өөрийгөө олсноороо ганц энэ удаад ч биш зуун зууны турш он цагийг туулж амьдрах бүтээлүүд туурвисан юм билээ” хэмээв.


С.Дашдооров Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт 1936 онд төржээ. Багш, зохиолч мэргэжилтэй. “Монгол кино үйлдвэрт ерөнхий редактор, БХЯ-нд эрдэм шинжилгээний ажилтан, "Цог" сэтгүүлийн нарийн бичгийн даргаар ажиллаж, “Говийн өндөр” романаараа 1975 онд Төрийн шагнал, 1997 онд Ардын уран зохиолч цол хүртсэн байна.



Тэрбээр 1956 оноос эхлэн “Миний ард түмэн”, “Говийн магтаал”, “Талд татсан солонго”, “Тал бид хоёр”, “Монгол”, “Миний нутгийн алаг толгод”, “Ерөөл дагуулсан зам”, “Цагийн хур”, “Мөнгөн шөнийн анир” шүлгийн түүвэр, “Талын гэрэл”, Дайны жилийн алим буюу сургуулийн зээрд”, “Улааран байгаа тэнгэрийн хаяа”, “Энх улирал ханхлахад”, “Бууж мордох хорвоо”, “Хөдөөгийн мөнгөн сар”, “Бидний хорвоо”, “Нуур нуурын шувууд өгүүллэгийн түүвэр, “Өндөр ээж”, “Талын цуурай”, “Холын цэнхэр уулс”, “Айлын хүүхэн Алигэрмаа”, “Улаан гэрийн Юндэн”, “Саруул талын ерөөл”, “Дуут хонгор манхан”, “Урт намар” тууж, “Говийн өндөр” роман туурвижээ.


Мөн “Өглөө”, “Хүлэг”, “Монгол”, “Орос тосгон”, “Гүн Галуутай”, “Ам цагаан хулгана жил”, “Казбек”, “45 оны намар”, “Миний сулин хээр”, “Тангараг найраглал, “Талын цуурай”, “Өндөр ээж”, “Эх бүрдийн домог”, “Нар хиртсэн жил”, “Хайрхан өндөр хаана байна” (Чехословак улстай хамтран), “Тэнгэрийн муухай арилдаг”, “Их замын эхэнд”, “Саруул талын ерөөл”, “Чимгээгийн төрсөн өдөр”, “Алаг тууж” (Дамбын Төрбаттай хамт) кино зохиол, “Амарсанаа” (Донровын Намдагтай хамт), “Марко Поло”, “Ариунзул” дуурь, “Мартагдашгүй намар киноны “Анхны хайр” дуу, “Хөдөөгийн баясгалан киноны дуу, “Зам дээр хаягдсан цэцэг“ зэрэг дууны шүлгийг бичсэн юм. 







関連ニュース