Даничууд 70 насандаа тэтгэвэрт гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-05-23 10:01:31

КОПЕНХАГЕН, 2025 оны тавдугаар сарын 23 /BBC/. Данийн парламент 2040 он гэхэд тэтгэврийн насыг 70 болгох тухай хуулийг баталснаар даничууд Европын орнуудын иргэдээс хамгийн хожуу тэтгэвэрт гарах болж байна.  


Дани улс 2006 оноос хойш тэтгэврийн насыг дундаж наслалттай уялдуулж, таван жил тутамд шинэчлэн тогтоож иржээ. Тэтгэвэрт гарах нас одоогоор 67 байгаа бол 2030 онд 68, 2035 онд 69 болж өснө. Харин 1970 оны 12 дугаар сарын 31-нээс хойш төрсөн бүх хүн 70 насандаа тэтгэвэртээ гарах юм. Шинэ хуулийг пүрэв гарагт 81 гишүүн дэмжиж, 21 гишүүн эсэргүүцсэнээр баталжээ.


Гэсэн хэдий ч өнгөрсөн онд Социал-Демократ Ерөнхий сайд Метте Фредериксен тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлэх зарчмыг дахин хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байв. Тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан жагсаал цуглаанууд сүүлийн хэдэн долоо хоногийн турш Копенхаген хотод өрнөсөн юм.


Пүрэв гарагт болсон санал хураалтын өмнө Данийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Жеспер Этруп Расмуссен мэдэгдэхдээ, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх саналыг шударга бус хэмээн тодорхойлжээДани улс эрүүл эдийн засагтай хэдий ч Европын Холбооны орнууд дундаа тэтгэврийн насыг хамгийн өндөр болгох гэж байна. Тэтгэвэрт гарах нас өндөр байна гэдэг нь хүмүүс өндөр насаа хүндтэйгээр эдлэх эрхээ алдана гэсэн үг” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Европ даяар тэтгэврийн нас харилцан адилгүй байдаг. Сүүлийн жилүүдэд олон засгийн газар дундаж наслалт уртсаж буйг харгалзан үзэхийн сацуу төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор тэтгэврийн насыг нэмэгдүүлэх болжээ. Шведэд гэхэд 63 наснаас эхлэн тэтгэвэр авах боломжтой байдаг. Харин Италид тэтгэврийн нас 67 байдаг боловч Данийн нэгэн адил дундаж наслалтад үндэслэн зохицуулалт хийх гэж байгаа бөгөөд 2026 онд нэмэгдэж магадгүй байна.


Их Британид 1954 оны 10 дугаар сарын 6-наас 1960 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд төрсөн хүмүүс 66 наснаас тэтгэврээ авч эхэлж байна. Харин үүнээс хойш төрсөн хүмүүсийн хувьд тэтгэврийн нас аажмаар нэмэгдэх ажээ. Мөн Францад 2023 онд тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлсэн хууль батлагдсан юм. Энэ өөрчлөлт олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. 

 


関連ニュース