СЭЛЭНГЭ: Орон нутгийн мод, тарьц суулгацын борлуулалтыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-14 11:51:45

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ хавар Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд голт бор, гүйлс, агч, нарс, гацуур зэрэг 5 төрлийн 1300 орчим мод тарихаар төлөвлөжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын хоёрдугаар 7 хоногийн бямба, ням гарагт мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

 

Үүний дагуу Сүхбаатар суманд энэ сарын 14-ний өдөр бүх нийтээр мод тарина.

 

Сумын нийт төр, төсвийн байгууллагуудтай хамтран мод тарихаар төлөвлөөд байгаа.  

 

Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг орон нутагт эрчимжүүлэх, иргэд олон нийтийг татан оролцуулах талаар сумын Засаг даргын захирамж гарсан байна.  

 

Мөн “Цэмцгэр Сүхбаатар-Ногоон хот” аяны хүрээнд сумын удирдлагууд, аймгийн Байгаль орчны газрын Ойн ангийн дарга Г.Цэнгэлзаяа, Бэлчир бүсийн сум дундын ойн ангийн инженер Ж.Ганцэцэг нар мод үржүүлэгч, тарьц суулгацын худалдаа эрхлэгч нартай уулзалт хийлээ.

 

Уулзалтаар орон нутгийн мод, тарьц суулгацын худалдаа эрхлэгч нарын борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын худалдан авалтыг зохион байгуулж, хуваарийн дагуу тарилтыг хийхээр санал солилцлоо.

 

関連ニュース